ТӨВ: "Монгол цэргийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-17 19:54:34

Зуунмод /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдрөөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулдаг марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа.



Мөн Монгол Улсын баатар Д.Самдан болон хурандаа генерал Б.Цогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын баатар Д.Самдан нь Мотобуудлагын дивизийн 22 дугаар хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгаж байжээ. 1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан байна.


Хурандаа, генерал Б.Цог 1912 онд төрсөн. Түүний 100 насны ойг тохиолдуулан 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар, Хурандаа генерал Б.Цогийн хөшөөг Зуунмод хотод босгожээ.

 


Түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, ахмад дайчид, ард иргэдийн төлөөлөл оролцсон баярын хурлыг зохион байгууллаа.

 

Өдгөөгөөс 102 жилийн тэртээ 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулах, анхны түүхэн ялалтаа тунхаглан зарлаж байсан түүхтэй. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.


Уг баярын өдрийг тохиолдуулан зарим алба хаагчдыг Төрийн дээд одон, медаль, Батлан хамгаалахын салбар, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.







Related news