Газрын доорх усны хайгуулыг нийт нутгийн 15 хувьд хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-20 14:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын доорх ус манай орны усны нийт нөөцийн ердөө хоёр хувийг эзэлдэг. Энэ хувиас нийт ашиглаж буй усны 71 хувийг хэрэглэдэг байна. Гэхдээ нийт нутгийн 15 хувьд л газрын доорх усны хайгуулыг хийж, судалжээ.

Эдгээр нөхцөл байдал нь манай улсын хувьд усны салбарт тулгамдсан асуудал болоод буйг “Цэнхэр алт” үндэсний чуулганы хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр болсон эхний хэлэлцүүлгээр хөндлөө.

Эхний гэдэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг нь энэ сарын 20-24-нд болох “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг угтсан үйл ажиллагаа юм. Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар болох Үндэсний чуулганы хүрээнд:

  • “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 3 дугаар сарын 20-нд,
  • “Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 3 дугаар сарын 21-нд,
  • “Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 3 дугаар сарын 22-нд тус тус болно.

Салбар хуралдаан, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэсэн Үндэсний чуулганыг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор 24-нд зохион байгуулах юм. Энэ талаар Усны газрын дарга Ш.Мягмар мэдээллээ.


Тэрбээр усны салбарын удирдлагын платформыг нээхээр хийж буйг мөн дуулгав. Энэ нь салбарын хэмжээнд боловч зөвхөн БОАЖЯ гэлтгүй бусад яам, тамгын газар, байгууллагатай хамтран устай холбоотой мэдээллийг эрдэмтэн судлаач нар шуурхай солилцож, иргэд байгууллагад хүргэж байхаар үе шаттай хийж буй ажил гэв.

“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудал” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээр судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулалт, менежментийн чиглэлээр цаашид хийх ажлын талаар зөвлөмж гаргав. Энд:

  • рашаан болон газрын доорх усны хайгуул судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх,
  • санхүүжилт, хөрөнгө оруулалт болон энэ талын  улсын төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх,
  • газрын доорх усны нөөцийг зориудаар арвижуулах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг тусгажээ.


Өнөөдрийн хэлэлцүүлэгт манай улсад нийт 362 гол горхи, булаг шанд, нуур тойром ширгээд буй статистик мэдээллийг өнгөрсөн оны байдлаар мэдээллээ. Хүн төрөлхтөн усыг үйлдвэрлэдэггүй, тийм боломж ч үгүй учир улс орнууд усны нөөцийг хамгаалж, зөв, зохистой хэрэглэж ашиглахад анхаарч байна.

Энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны салбарын Үндэсний чуулганыг хийж, тус салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор тулгамдсан асуудлаа, шинжлэх ухааны ололт, инновац, технологийн шийдлүүдийг хэлэлцэх юм. 

Related news