ДУНДГОВЬ: Мэс засал, үзлэг оношилгоо, онол хосолсон сургалтаар эмч нарыг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-20 17:46:27
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн хүүхэд нярайн мэс заслын эмч нарын баг 3 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллан мэс засал, үзлэг зөвлөгөө, онол практик, лекц семинар хосолсон 1,5 багц цагийн цогц сургалтыг зохион байгуулав.

Тодруулбал, тус төвийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг, Хүүхдийн цээжний мэс заслын тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн бөөрний мэс заслын тасаг, мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасгийн эмч нарын баг аймгийн Нэгдсэн эмнэлгийн санаачилгаар "Хүүхэд, нярайн мэс заслын зонхилон тохиолдох эмгэг”-ийн талаарх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж, 15 сум, Говьсүмбэр аймгийн мэс засал, хагалгааны баг, Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч 113 хүн хамрагджээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд оролцогчдод хүүхдэд болон нярайд үзүүлэх мэс заслын тусламж, яаралтай тусламж, төлөвлөгөөт тусламж, мэс засалд хэрхэн яаж бэлтгэх вэ, мэс заслын дараах эмчилгээ зэрэг сэдвээр лекц уншиж, цавь орчны эмгэгүүд, хүйсний эмгэгүүд, тэр дундаа анх удаа хүүхдийн хэвлийн дурангийн мэс засал хийх тухай сургалтын хөтөлбөртөө оруулан, 82 хүүхдэд үзлэг оношилгоо хийн зөвлөгөө өгч, 15 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээг  үзүүлсэн байна.

Энэхүү үйл ажиллагааг Скайтел компани ивээн тэтгэсэн бөгөөд орон нутагт мэдлэг олгох, ажлын байран дээр нь дадлгагажуулах, үзлэг, оношилгоо, мэс засал хийн эмчлэх, зөвлөгөө өгөх цогц үйл ажиллагаа болж, аймгийн эмч нарыг мэргэшүүлэх ач холбогдолтой сургалт болсныг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат онцоллоо. 

Related news