Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-03-21 07:30:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр өнөөдөр их цас орно. Мөн Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.


2023 оны гуравдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Халх голын саваар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна

Related news