ДУНДГОВЬ: Н.Гантулга: Цөлжилтийг сааруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-22 17:46:30
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 2019 онд Дундговь аймгийн хэмжээнд хийсэн цөлжилтийн судалгаагаар нийт нутгийн 80-90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн, цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэх төлөвтэй нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл нийт газар нутгийн ихэнх хувь нь хүчтэй, нэн хүчтэй  цөлжсөн зэрэглэлд хамаарч байна.

Сүүлийн 4 жилийн байдлаар шороон шуурганы тоо хэмжээ 225-аар, хүчтэй салхитай  болон нөөлөг салхитай өдрийн тоо 2 дахин нэмэгдэж, байгаль орчин, иргэдийн амьдрал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл ихэсч байна.

Тиймээс 2021 оны 4 дүгээр сард “Цөлжилтийн эсрэг арга хэмжээ авах тухай” аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарч, “Дундговио ногооруулья” аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ тухай аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга дараах мэдээллийг өгсөн юм.

“Дундговь аймгийн хувьд цөлжилт, шар шуурганы эсрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2021 онд “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөр баталж, 500,0 мянган мод тарих зорилго дэвшүүлсэн.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжиж, манай аймаг 30,0 сая мод тарих гэрээ байгуулсан. Дундговь аймаг байгуулсны 80 жилийн ойг угтаад 8 түмэн мод тарих уриалга дэвшүүлэн ажиллаж, 66,0 мянган мод тарьсан. Ер нь 2022 онд 122,8 мянган мод тариад байна.

Мод тарихаасаа илүү хамгаалж, арчилж, ургуулах нь чухал байдаг. Манай байгууллагын хувьд энэ жил тарих суулгацны үр, үрсэлгээгээ бэлтгээд хаврын тариалалтад бэлэн болж байна. 10,0 орчим мянган улиас, 7,0 мянга орчим улаан сухайг мөчрөөр, агч, заг гэх мэт таван төрлийн модны үрийг бэлтгэсэн.

Дундговь аймаг бүх суманд мод үржүүлгийн талбай болон ойн зурвас байгуулах бодлого барьж, талбайг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах чиглэл өгснөөр 2023 онд нийт 700 га талбайд ногоон байгууламж, 200 орчим га талбайд мод үржүүлгийн газар байгуулах зориулалтаар газар олгосон байна.

Одоогийн байдлаар 3 сум мод үржүүлгийн ажлыг эхлээд явж байгаа. Хулд сум өнгөрсөн жил 500,0 орчим мянган суулгац тариад 2 жилийн дараа үрсэлгээ нь гарахад бэлэн болно. Адаацаг суманд “Эрдэнэ ухаа” жуулчны бааз 2,0 га талбайд мөн үрсэлгээ тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай аймаг 2030 он гэхэд 30,0 сая мод тарьж ургуулсан байх ёстой. 15 суманд хуваарилаад ногоон байгууламж байгуулах, энэ чиглэлийн сургагч багш, зөвлөгөө өгөх хүмүүсээ бэлтгээд явж байна.

Элсний нүүдлийг сааруулахад ногоон байгууламж маш их ач холбогдолтой байдаг. Манай аймгийн төвийн баруун хойд талын гэр хорооллын араар өмнө нь бараг хашаатай чацуу элс хунгарладаг байсан бол ойн зурвас байгуулж эхэлснээс хойш энэ элс байхгүй болсон.

Энэ ойн зурвас байгуулах төслийг 2009 онд БНСУ-ын Гуяан хоттой хамтран хэрэгжүүлж, 100 га талбайд 100,0 мянган мод тарьж ургуулсан.  

Ингэж ногоон байгууламж байгуулан цөлжилттэй тэмцсэнээр элсний нүүдлийг сааруулж, ургамлын гарц нэмэгдэж, ургамлын төрөл зүйл олширдог. Үүнийг малчид, иргэд их сайн ойлгож, санаачилгаараа мод тарьж байна.

Мэдээж хүндрэл маш их байна. Говь, тал хээрийн бүсэд мод тарихад хамгаалалт, усалгаа, арчилгаа маш их шаарддаг. Хөрс шаварлаг, хужирлаг учраас манай нөхцөлд бууцыг элстэй хольж бордоод тарьж байгаа.

Түүнээс гадна Сайнцагаан суманд 50 га газарт агропарк байгуулахаар газрын асуудлыг шийдвэрлэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хамтран ТЭЗҮ боловсруулж байна. Энэ агропарк ашиглалтад орвол манай аймгийн хувьд мод үржүүлэг, үрсэлгээ, нарийн ногоо тарих зэрэг бүх асуудлыг цогцоор шийдвэрлээд явах боломжтой болно” гэлээ.


Дундговь аймаг нь 7,469, 032 мянган га газар нутагтай, үүнээс хөдөө аж ахуйн эдэлбэр газар 7,129,295,7 мянган га, хот суурин газар 17,732,3 мянган га, зам, шугам сүлжээ 30,555,4 мянган га, усан сан бүхий газар 7,796,0 мянган га, улсын тусгай хэрэгцээний газар 224,465,0 мянган га газрыг тус тус эзэлдэг.


Related news