ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын үйлдвэрийн бүсийг бохирын шугамд холбох ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-23 16:04:57

Даланзадгад /МОНЦАМЭ/ Үйлдвэржилт төвлөрч хөгжих “Үйлдвэр технологийн парк”-ын дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг үе шаттай хийж байна.

 

Тодруулбал, Даланзадгадын сумын зүүн урд ДЦС-ын урд 100га талбайд Ноос боловсруулах үйлдвэр, Оёдол нэхмэлийн үйлдвэр, Барилгын материалуудын үйлдвэрүүд, Мод модон эдлэлийн үйлдвэр гэх мэт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн төслийг дэмжих зориулалттай тээвэр ложистикийн иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор байхаар төлөвлөлтөд тусгасан.

 

Энэ ажлын хүрээнд бохирын шугамд холбох ажлыг “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийх юм. Тус ажлын гүйцэтгэлийг “Алтайн үндэс констракшн” ХХК  гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган  ажлаа эхлүүлжээ.




 

Үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн ажлыг өмнөх онд хийсэн бөгөөд энэ жил ийнхүү бохирын шугамд холбосноор үйлдвэржилт эхлэхэд бэлэн болж байгаа юм.

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

Энэ бүсэд Өмнөговь аймгийн томоохон үйлдвэрүүд төвлөрч, үйл ажиллагаагаа тогтмол явуулна. Энэхүү үйлдвэрийн паркад үйлдвэржилтээ төвлөрүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэлээ тогтвортой явуулсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг  эхний таван жилд хуулиараа татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлнэ.  

“Үйлдвэр технологийн парк”-ын үйл ажиллагаа эрчимжиж томоохон үйлдвэрлэл орон нутагт хөгжсөнөөр ажлын байр олноор бий болно. Цаашлаад орон нутгийн иргэд тогтвортой ажлын байртай болох, гэр орон, үр хүүхдэдээ ойр ажиллаж амьдрах орчин нөхцөл бүрдэх, тогтмол цалин хөлсөө авах зэрэг нааштай үр дүнгүүд гарах юм.

 

“Алтайн үндэс констракшн” ХХК-ийн  захирал Ц.Батбаясгалан

Манай компани нь инженерийн шугам сүлжээний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг 12 жилийн ажлын туршлагатай хамт олон. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйлдвэржилтийн бүсийн бохир усны шугамын холболтын ажлыг хийж гүйцэтгэхээр аймгийн ЗДТГ-тай 2022 он 11 дүгээр сард ажлын гэрээ байгуулсан.

Одоогийн байдлаар бид бэлтгэл байдлаа ханган ажлаа эхлүүлж байна. Мэргэжлийн хүний хувьд техникийн шийдэл талаасаа маш их ач холбогдолтой. Газрын талбай, газар зүйн байршлын хувьд ч гэсэн их зөв сонголтоо хийжээ гэж харж байгаа. Ер нь үйлдвэржилтийн бүсийн хамгийн гол хөгжил нь дэд бүтэц байдаг. Тодорхой хэлбэл цэвэр, бохирын шугам, цахилгаан гэх зэрэг. Энэ ач холбогдол бүхий цогцолборыг байгуулахад бүх талаар дэмжин ажил хэрэг болгож байгаа Өмнөговь аймгийн удирдлага хамт олонд иргэн хүнийхээ хувьд их талархаж байна.

Related news