ДУНДГОВЬ: 150 гаруй иргэн алим тариалах арга зүйд суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-27 10:43:26
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Хашаандаа сайхан амьдрах хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн иргэд, аймгийн ЗДТГ-тай хамтран хүнсний ногооны тариаланчдад нэгэн өвөрмөц сургалт зохион байгуулсан нь “Алим тариалах арга зүй” сэдэвт сургалт байв.

Ховд аймгийн тэргүүний тариаланч, “Булган голын алим” ХХК-ийн захирал Х.Балжинням, түүний хүү Б.Эрдэнэбаяр болон “Монгол алтайн алтан алим” ХХК-ийн захирал С.Ариунбаатар нар Дундговь аймгийн тариаланчдын хүсэлтээр ирж, тус сургалтыг зохион байгуулжээ. Танхимын болон практик хосолсон нь тус сургалтын онцлог байлаа.



“Алим тариалах арга зүй” сургалтыг аймгийн ЗДТГ-аас дэмжин, “Дундговио ногооруулья” аймгийн дэд хөтөлбөрөөс санхүүжүүлсэн бөгөөд 150 гаруй иргэн хамрагдсан байна.

Дундговь аймгийн хувьд хөрсний бүтцийг сайжруулах, усны асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа ч нарны тусгал сайтай, дулаан уур амьсгалтай байгаа нь алим тариалахад давуу тал болж байгааг сургагч багш нар онцолжээ.  

Мөн Сайнцагаан суманд иргэд тус компанийн Монголд нутагшуулсан сортыг тарьж ургуулж байсан нь үүний баталгаа юм. Тухайлбал, Сайнцагаан сумын иргэн П.Очирбат алимын 9 суулгац, О.Алтангэрэл 45 суулгац тарьсан нь 2021 оноос ургацаа өгч, нутгийнхаа хөрсөнд тариалсан алимыг хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Сургалтын үеэр дээрх хоёр тариаланчийн талбай дээр ажилласан ба тус аймгийн нөхцөлд салхины хаалт хийх хэрэгцээтэй гэдгийг багш нар дүгнэн хэлсэн байна.   



Тэгвэл энэ жилээс алимын мод тариалах иргэдийн тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна. “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд тус аймаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөж бүхий жимс, жимсгэнийн мод  тариалах, нарийн ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих бодлого барьж байгаа ба сургалтад суусан иргэд ч алим тариалах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. 

Алс хол аймгаас ирсэн сургагч багш нарын зүгээс Дундговийг “говийн аймаг гэхэд ойжуулалт маш сайн хийж байгаа аймаг юм байна” хэмээн дүгнэн, тус аймагт 100 ширхэг өрөл, 100 ширхэг цагаан улиас бэлэглэхээр болж, 45000 төгрөгөөр зах зээлд нийлүүлдэг алимын суулгацыг 35000 төгрөгөөр нийлүүлэхээр болжээ. 





Related news