"Цахим гааль" өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-28 10:34:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газраас “Цахим гааль” өдөрлөгийг энэ сарын 30-нд Улаанбаатар хотын гаалийн газарт зохион байгуулна.


Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх үүднээс өдөрлөгөөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж өгөх, саналыг нь сонсох юм.  


Гаалийн ерөнхий газар хилийн үйлчилгээг сайжруулахаар gaali.mn систем шинээр нэвтрүүлээд байгаа. Ингэснээр гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад өөрөө мэдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх бичиг баримтыг цахимаар илгээх, лавлагаа тодорхойлолт авах, гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл бүртгүүлэх зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж бүрджээ.


Энэ системд тоон гарын үсэг, төрийн үйлчилгээний ХУР, танилт нэвтрэлтийн ДАН систем ашиглан нэвтрэх боломжтой. Систем нэвтрүүлснээс хойш 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс энэ оны гуравдугаар сарын 25-ны хооронд импортын 21 831, экспортын 246 839 мэдүүлэг, нийт 6.8 тэрбум ам.долларын статистик дүн бүхий мэдүүлгийг гаалийн зуучлагч байгууллагагүйгээр иргэд, аж ахуйн нэгж өөрсдөө мэдүүлжээ.


Уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг олборлох, боловсруулах, тээвэрлэх, улсын хилээр гаргах зэрэг бүх шатыг цахимаар бүртгэх “Гэрээ бүртгэлийн нэгдсэн систем”-ийг энэ оны нэгдүгээр сараас нэвтрүүлээд байна. Энэ системд 280-аад байгууллагын 1518 гэрээ бүртгүүлж, 115 748 экспортын гаалийн бүрдүүлэлт хийгээд байгааг ГЕГ мэдээлэв. 

Related news