ГОВЬ-АЛТАЙ: Түүх, соёлын дурсгалыг ном болгон эмхтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-28 12:40:24

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Говь-Алтай аймгийн нутагт хийсэн судалгааны үр дүнгээрээ "Говь-Алтай аймгийн түүх, соёлын дурсгал" ном хэвлүүлэн, гуравдугаар сарын 28-нд Алтай хотноо нээлтээ хийлээ. 


Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан хэвлүүлсэн 7500 орчим дурсгал багтсан, 450 хуудас бүхий номд 2009 оноос тус аймгийн түүх, соёлын дурсгалын судалгааны ажлын үр дүн багтахаас гадна өмнөх судалгаа шинжилгээний ажлууд ч багтсанаар ихээхэн онцлогтой аж.


"Говь-Алтай аймгийн түүх, соёлын дурсгал" ном нь хоёр бүлэгтэй. Эхний бүлэгт тус аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалд хийсэн судалгааны үр дүнгүүд, харин хоёрдугаар бүлэгт Говь-Алтай аймгийн бүх сумын нутагт байгаа түүх, соёлын дурсгалуудыг бүртгэн баримтжуулсан ажлын тайлбар бүхий хэсэг багтсан.

Тухайлбал, булш-оршуулга, хүн чулуун хөшөө, буган хөшөө, хот суурины дурсгал, чулуун зэвсгийн дурсгал, хүрээ хийдийн дурсгалуудыг тус бүр дугаарлан тодорхой бичсэн тухай ШУА-ийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор .Батболд танилцууллаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ: 

"Энэхүү номоос Говь-Алтай аймгийн сум бүрт бүртгэгдсэн түүх, соёлын дурсгалуудыг цогцоор нь авч болно. Говь-Алтай аймгийн нутагт хэдий үеэс хүн оршин амьдарч эхэлсэн, ул мөр олдсон, урлагийн эх үүсвэрийг хэзээнээс эхэлж хад чулуунд мөнхөлж сийлж үлдээсэн тухай сонирхолтой судалгааны баримтууд багтсан.

Тухайлбал, Тонхил сумын нутаг Хөх булгийн рашаан хэмээх газраас одоогоос 30 гаруй мянган жилийн тэртээд амьдарч байсан чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн зосон зургийн дурсгал саяхан илэрч олдсон байдаг гэх мэтчилэн түүх, соёлын дурсгалын судалгааны үр дүнг энэхүү номд нийтэлсэн" гэлээ. 


Монголчуудын өвөг дээдэс гэх хүннүгийн үеийн булш Говь-Алтай аймгийн нутгаас олдож байна. Жишээлбэл, Тайшир сумын Гэгээн нуур Наробанчин хийдийн дэргэдээс Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгал олдсон. Тэгэхээр одоогийн Монгол Улсын баруун хязгаар нутгийг захирч байсан язгууртнуудын булш олдож байна гэдэг нь Говь-Алтай аймгийн нутагт хүннүчүүдийн засаг захиргааны нэгж суурьшиж байсан нь илэрхий харагдаж байна.


Мөн энэ нутагт зөвхөн нүүдэлчид амьдарч байгаагүй, хот суурин байгуулж суурьшмал байдлаар амьдарч байсныг илтгэх 13-14 дүгээр зууны үед холбогдох хот суурины дурсгалууд олдсон. Тодруулбал, Шарга сумын нутгаас 13-14 дүгээр зууны Чинга балгасын үлдэгдэл байж болзошгүй гэх баримт нотолгоонууд ч бий. Суурьшиж эхэлснээс хойш газар тариалан эрхэлж байсан тухай гэх мэт сонирхолтой түүх, соёлын дурсгалын судалгааны материалууд энэхүү номд дэлгэрэнгүй багтсан байна. 


Энэхүү ном одоогоор худалдаанд гараагүй бөгөөд удахгүй Говь-Алтай аймгийн сум бүрд хүргэгдэх аж. 

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс өмнө нь Баян-Өлгий аймгийн түүх, соёлын дурсгалын номыг гаргаж байсан бол түүнээс хойш 20-иод жилийн дараа Говь-Алтай аймгийн түүх соёлын дурсгал хэмээх номыг эрхлэн гаргаж буй нь энэ юм. Энэхүү ном нь Монгол орны "Археологийн дурсгал" цуврал бүтээл ажээ.

Related news