ДАРХАН-УУЛ: “Монгол ган” хотхоны оршин суугчид урьдчилгаа төлбөрийн 12 хувийг төлөх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-29 22:31:03

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, ажилчдын орон сууц барих төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн нэгдүгээр сард төрийн өмчийн хоёр, үйлдвэрчний эвлэлийн нэг байгууллагад барилга барих газрын зөвшөөрөл олгож батламжийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гардуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК хамгийн түрүүнд барилгын ажлаа эхлүүлсэн.



Өнгөрсөн долоо хоногт барилгын шав нь тавигдсан “Монгол Ган” 800 айлын орон сууц бүхий сургууль, цэцэрлэгтэй хотхоныг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Азийн барилга” групптэй хамтран бүтээн байгуулж байна. Орон сууц хорооллын эхний ээлжийн барилгууд 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ажээ.

Нийт ажилтнуудад зах зээлийн өртгөөс хямд үнээр, урьдчилгаа төлбөрийн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох талаар барилгын шав тавих ёслолын үеэр компанийн удирдлага мэдэгдэж байсан. Тэгвэл энэ яриа бодит ажил болж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан энэ сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.



Санамж бичиг байгуулснаар Монголбанкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын шаардлага хангасан гэж үзэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ажилчдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 18 хүртэлх хувьд батлан даалт гаргахаар болжээ. Ингэснээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ажилчид “Монгол ган” хотхонд зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэв. Төлбөрийн тухайд урьдчилгаа  30 хувь бус 12 хувь төлж болох хөнгөлөлттэй нөхцөл бүрдэж байгаа аж.


Түүнчлэн санамж бичгийн хэрэгжилтийг ханган ажилласнаар ажилтнууд тохилог орон сууцанд амьдрах, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн хувьд хүний нөөцийн дутагдалтай байдлыг арилгах, иргэд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд бодит түлхэц болно гэж зээлийн батлан даалтын сангийн удирдлага онцолж байна.



Ташрамд, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдэд олгох 0.7 га газар байхгүй. Учир нь газар нутаг багатай учир гэр хороолол тэлж, цаашлаад хотын утаа нэмэгдэх эрсдэлтэй тул боломжит нөхцөлийн хүрээнд иргэн ААНБ-уудтай хамтран орон сууцжуулах зорилгоор барилга барих төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж мэдэгдэж байсан. Энэ хүрээнд эхлүүлж буй томоохон ажлын нэг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн “Монгол ган” хотхон юм.

Related news