ӨВӨРХАНГАЙ: Аймаг, сумын удирдлагууд цэрэг эрсээ эргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-01 15:57:34

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж эх орныхоо өмнөд цэгт эр цэргийн албаа хааж яваа нутгийн залуусаа эргээд иржээ.


Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Өвөрхангай аймгийн залуус цэрэгт татагдан албан үүргээ нэр төртэй биелүүлж байна. Аймгийн Цэргийн штаб болон Арвайхээр, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Уянга, Бат-Өлзий, Сант, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг сумын ЗДТГ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг цэрэг дайчдад ар гэрийнх нь амар мэндийг дамжуулан илгээмжүүдийг гардуулж, нутгийнх нь сонин сайхан, онцлог ажлуудын талаар мэдээлэл өглөө.


Мөн цэргүүдийнхээ алба хааж буй орчин нөхцөл, амьдрал ахуй, өдөр тутмын үйл ажиллагаатай нь танилцаж, ангийн захирагчид болон Өмнөговь аймгийн Засаг даргатай санал солилцон, албаа хариуцлагатай, нэр төртэй хааж байгаа зарим дайчдыг шагнан урамшуулсан юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн 14 цэрэг эрс гэрээт цэргийн албанд үргэлжлүүлэн алба хаах шийдвэр гаргаж, ангийн захирагчаасаа зэвсэг хэрэглэгдэхүүнээ гардан авлаа.

Ташрамд, Өвөрхангай аймгийн залуус Өмнөговь дахь цэргийн ангиудад 1976 оноос алба хааж эхэлсэн байна. Энэ хугацаанд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Өвөрхангайн 7 мянга гаруй, Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 4 мянга гаруй эр цэрэг алба хаажээ.










Related news