ЗАВХАН: Шагайн харвааны “Даян мэргэн” төсөл үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-03 15:47:20

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын нэрэмжит цомын төлөөх шагайн харваа болж өнгөрлөө.

Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харваа нь хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэрлэл, манлайллыг бий болгодог эртний уламжлалт наадаан юм.

Тиймээс,

Завхан аймаг шагайн соёлын өлгий нутаг болохын хувьд өв тээгчдээ алдаршуулах, тэдний арга барил, өвөрмөц чадваруудыг таниулах. Өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааг сэргээн дэлгэрүүлж, хөгжүүлэх. Монгол өв, соёлын дархлааг бий болгох, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит нөлөө үзүүлэх зорилгоор 2021 оноос “Даян мэргэн” үйл ажиллагааг хэрэгжүүлж буй.

2000 гаруй жилийн өмнөөс монголчуудын эв эе, нөхөрлөлийн нэгэн чухал илэрхийлэл болсоор өнөө цагт уламжлагдан ирсэн энэхүү түүхэн спорт, тоглоомыг орон нутагтаа хөгжүүлэх “Даян мэргэн” хөтөлбөр 2024 он хүртэл үргэлжилнэ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит цомын төлөөх шагайн харвааны тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болж,  Завхан, Хөвсгөл, Архангай, Ховд аймгийн 24 багийн 200 гаруй тамирчин оролцлоо.

Энэ жил хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээнд багийн дүнгээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын аймгийн гоц мэргэн П.Доржготов ахлагчтай, Их бэрх баг тэргүүллээ.

Удаах байруудад мөн аймгийн Эрдэнэхайрхан сумын аймгийн гоц мэргэн Р.Батжаргал ахлагчтай Гранд Авгуш баг, аймгийн гоц мэргэн Г.Хадбаатар ахлагчтай Ховд аймгийн Ижил Алтай багууд оржээ.



Завхан аймаг нь шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа Сартуул шагайн харваагаар сүүлийн 200 гаруй жил таваас зургаан үе дамжин харвасан харваачид цөөнгүй бий. Өнөөдөр аймгийн хэмжээнд 160 гаруй шагайн харвааны соёлын өв тээгчид бүртгэлтэй байна. Тиймээс шагайн харвааг хөгжүүлэх, хадгалах нь зайлшгүй шаардлагатай болоод буй юм.


 

"Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд шагайн харвааны багш, дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх. Аймгийн хэмжээнд 33-аас доошгүй дугуйлан, клубийг байгуулах. Сум бүр  өсвөрийн болон насанд хүрэгчдийн багтай болж 1000-аас доошгүй шагайчдыг бэлтгэх. Шагайн харвааг орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөжээ.



Өнөөдрийн байдлаар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр шагайн харвааны найман клуб байгуулаад байна. Шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх.

Нийгэмд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарна гэж үзэж буй. Энэхүү төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгох юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 



Related news