ЗАВХАН: Зөвшөөрөлгүй загас барихыг хуулиар хориглодог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Агнуурын загасны хорионы улирал
эхэлсэнтэй холбоотой аймгийн БОАЖГ-аас зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Загасыг ахуйн зориулалтаар агнах, барихыг хориглосон хугацаа нь 4-р сарын 1-нээс 6-р сарын 15 хүртэл юм. Учир нь загасны үржлийн үе эхэлж байгаа тул ахуйн зориулалтаар загасчлахыг хуулиар хориглосон байдаг.
Учир нь загас агнуурын хорионы улирал гэдэг нь тухайн загасыг
үржлийн үед барихыг л хорьж байгаа явдал юм. Загас нь ургамал болон махан
идэштэй байдаг. Улаан нүдэн, живэр гэх мэт нь ургамлаар хооллодог бөгөөд
ургамал эсвэл чулууны доор амьдардаг. Махан идэшт загаснууд гэвэл тул, зэвэг,
нохой сугас, цурхай гэх мэт байдаг. Тэд гол нуурын гүн хэсэгт жижиг загас
жараахайгаар хооллон амьдардаг. Загас зовхи байхгүй учраас нүдээ
цавчдаггүй. Доош живдэггүйн учир нь нуруундаа хөвөхөд зохилдсон хийт цуух
хэмээх хийгээр дүүрсэн хүүдийтэй байдагтай холбоотой. Үржил нь нэгдүгээр сараас
тавдугаар сард явагдаж, жилд нэг удаа түрс шахах ба хоёр удаа түрсээ шахдаг
загас ч бий.
Агнахыг хориглож Улаан номд оруулсан загас бол Хөвсгөлийн омоль, хилэм загас юм. Тухайлбал амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлд буюу, 10.1.6-д зааснаар загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэхийг хориглодог аж.
Мөн 10.1.7-д зааснаар ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэхийг хориглоно. Мөн хуулийн 10.1.9-д зааснаар гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахыг хориглосон байдаг. Харин энэ хуулийн 11.1.1-д зааснаар шуурга, ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг гамшигт нэрвэгдсэн болон гол, мөрөн, намаг, шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барихыг мөн хориглосон байгаа. 11.1.11-д зааснаар үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих бүх төрлийн торны нүдний хэмжээ 50х50 мм-ээс доош байхыг хүртэл нарийн зааж өгсөн байдаг. Тиймээс иргэд загас агнуурын хорионы энэ хугацаанд загасыг зөвшөөрөлгүй барихыг хориглоно. Хэрэв та хорионы улирлын бусад үед загас барихаар бол заавал зөвшөөрөл авахыг сануулж байна.
Завхан аймагт жил бүр БОАЖЯ-наас 100-120 ширхэг загас барих зөвшөөрөл ирдэг. Гэтэл манай иргэд төдийлөн сайн мэддэггүй. Мэдэж байгаа нь тоохгүй, албан ёсны зөвшөөрөл авахгүй байгаа. Тиймээс агнуурын загасны хорионы улирлын үед эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилладаг. Мөн олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттайгаар хийж, хэрэв зохих зөвшөөрөлгүй иргэн загас баривал байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг.
Ер нь зөвшөөрөлгүй загас баривал байгаль
орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2 дахь хэсгийн дагуу амьтанд учруулсан
хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний нөхөн төлбөр ногдуулдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.6.1 дэх
хэсгийн дагуу иргэнийг 150000 төгрөг, хуулийн этгээдийг 1500000 төгрөгөөр
торгоно гэж хуульчилсан байдаг.
Завхан аймгийн иргэд Богдын гол, Чигэстэй, Идэр, Буянт гол, Ширээгийн голоос монгол хадран загасыг зөвшөөрөлгүй их хэмжээгээр барьж байгаа нь тухайн амьтныг хомстолд оруулах гол шалтгаан болж байна.
Мөн иргэд загас барихыг хориглосон хугацаанаас бусад үед загас барихдаа тухайн сумын байгаль хамгаалагчаас зөвшөөрөл, эрхийн бичиг авах ёстой юм.
Нэг эрхийн бичигт хуулийн дагуу 10 хүртэлх загасыг гурав хоногт барихаар бичилт хийх бөгөөд тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувь буюу монгол хадран загасыг нэг ширхгийг барихад 1000 төгрөг, зэвэг загас 3400 төгрөг гэхчлэн өөр өөр үнэлгээтэй байдаг.
1982 оноос хойш Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт Байгалийн омуль, Бух зарам загасыг нутагшуулан судалгааны ажил хийж байгаа. Улаагчны хар нуур 2010 онд Улсын тусгай хамгаалалтай газар нутагт орсон. Ийм учраас Улаагчны Хар нуураас загас баривал Эрүүгийн хууль болон тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулиар хориглосон хуулийн зохицуулалттай.
Гэтэл цахимаар Хар нуурын загас зарна гэсэн зар их явж
байдаг нь зөвшөөрөлгүй барьж байна гэсэн үг юм. 2020 онд Идэрийн голын сав
газрын захиргааны захиалгаар ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгээр
Идэрийн голын загасны зүйлийг тогтоох судалгааны ажлыг гүйцэтгүүлсэн.
Энэ судалгаагаар Идэрийн голын загасыг хамгаалах, ашиглах журамтай болсон байна
гэж Завхан аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржав
мэдээлэв.