ЗАВХАН: Тусгай хэрэгцээт иргэдийг үнэ төлбөргүй зорчуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-12 14:12:41

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр 6500 гаруй иргэн авчээ.

Завхан аймгийн төв Улиастай сумын нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр автобус ажлын өдрүүдээр тээвэрлэлт хийдэг. Зам тээврийн хөгжлийн яамны шийдвэрээр, 2-р сарын 10-ны өдрөөс эхлэн, сургуулийн насны хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өдөртөө 160 гаруй хүүхэд, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэн үйлчилгээ авч байна.


Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх тусгай хэрэгцээт иргэдийн салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Тус шийдвэрийг энэ оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа аж.



Тухайлбал, МИАТ ТӨХК тусгай хэрэгцээт иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. Харин "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон.

"Улаанбаатар төмөр зам" ХНН тусгай хэрэгцээт иргэд зорчиход тасалбараас 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлж буй.


Мөн "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим суманд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Энэ чиглэлд тусгай хэрэгцээт иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэрийг гаргасан аж.



Дээрх шийдвэрийн дагуу, Завхан аймгаас хот хоорондын үйлчилгээг 20 гаруй иргэн үнэ төлбөргүй авсан байна. Тус аймгаас Улаанбаатар хот руу дөрвөн чиглэлд зургаан аж ахуйн нэгж хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг. Харин Улиастай сум болон Улаанбаатар хотоос өдөрт 120 гаруй зорчигчийг хот хооронд тээвэрлэдэг. Эдгээр зорчигчдын тав орчим хувийг тусгай хэрэгцээт иргэд эзэлдэг. Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан шийдвэрийг дэмжиж хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд чиглэл бүрд жилд нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйл ажиллагааг явуулж эхэлсэн гэж Завхан Автотээврийн төвөөс мэдээлэв. 

Related news