Тавантолгой ДЦС-ын төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-13 09:20:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатад хуваан, эхний ээлжид 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулах талаар Засгийн газраас мэдээллээ.

Тус станцыг өмнөд бүсийн уул уурхай болон Оюу толгой төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах юм. Тус төслийг санхүүжүүлэхэд бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэхийг Засгийн газраас Эрчим хүчний сайдад даалгалаа. Тодруулбал, ЭХЯ:

  • банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах,
  • төслийн барилга угсралт болон санхүүжилтийг хамтатгасан (EPC+F) хэлбэрээр, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх,
  • энэ талын хувилбарыг хязгаарлахгүй, санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулах,
  • гүйцэтгэгч, санхүүжүүлэгч талтай гэрээ хэлцэл хийх, төслийн хэрэгжилтийг хянан ажиллах юм.

Төслийн 300 MBт-ын I үе шатны EPC+F гэрээний 30 хувийг санхүүжүүлж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн үйл ажиллагааны зардлыг хариуцаж, Монгол Улсын Хөгжлийн банкаас "Тавантолгой дулааны цахилгаан станц" төсөлд олгосон зээл, зээлийн хүүгийн үлдэгдлийг төлөх, эдгээр зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчийн хувь эзэмшилд оруулж тооцохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.

Related news