Уул уурхайд нэвтэрч буй инновац залуучуудын ажиллах сонирхлыг нэмэгдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-21 11:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр уул уурхайн “Digitalization in mining Mongolia” чуулган боллоо. Чуулганд оролцогч уул уурхайн компаниудын төлөөлөл, Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх эрдэс баялгийн салбарыг шинэ технологийн шатанд гаргах дижитал шилжилтийн боломжийг онцолж байлаа.

Австралийн ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газар (Austrade) дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Уул уурхайн дижитал шилжилт” үйл ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит оролцож үг хэлсэн юм.


Тэрбээр, “Уул уурхайн салбар нь Монгол Улсын төдийгүй Австрали Улсын эдийн засгийн хөгжил, өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа”-г дурдаад, Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулж, чухал шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх нь уул уурхайн салбарын инновацыг хөгжүүлэх гол хүчин зүйл болж байна. Энэ салбарын тогтвортой хөгжил, ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд инновац, технологийн шинэчлэлээр Австралийн уул уурхайн салбар нь дэлхийд тэргүүлдэг тул бидэнд энэ чиглэлээр монголчуудад туршлагаасаа хуваалцах, санал болгох зүйл их бий хэмээн онцолсон юм.

Тэрбээр, уул уурхайн салбарын үйл ажиллагааг сайжруулснаар илүү олон ажлын байр бий болгох, бүтээмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг тодотгосон юм.

Дижитал уул уурхай энэ салбар руу залуучуудыг татах нэг хүчин зүйл болж байна.


Чуулганы үеэр Австралийн Mартек” компани манай улсын уул уурхайн боловсон хүчин бэлтгэж буй ШУТИС болон Монгол-Германы технологийн сургуульд уурхайн төлөвлөлтийн сургалтын программ хангамжийн лицензийг (1.6 сая австрали доллар) хандивлалаа. Түүнчлэн “DomainMCF, PETRA Data Science компанийн удирдах албаны төлөөлөгч, мэргэжилтнүүд үүлэн тооцоолол, машин сургалт, IOT зэрэг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан нэн шинэ үеийн технологийн дэлхийн чиг хандлага, улс орнуудын уул уурхайн салбарт нэвтрүүлсэн туршлагыг чуулганд оролцогчдод танилцууллаа.


“Мартек” компанийн мэргэжилтэн Саймон Жонстон үүлэн тооцооллоор GeoSpatial Manager вебд суурилсан платформ дээр ордын 3 хэмжээст загварчлал үүсгэж, анализ шинэчлэлтийг хийж үзүүлэв. Эдгээр технологийг Монголын эрдэс баялгийн салбар, уурхайнуудад нутагшуулах боломж болон сорилт, ач холбогдол, манай улсын дижитал дэд бүтцийн талаар танхимаар болон онлайнаар хэлэлцүүлэв.


Чуулганы үеэр уул уурхайн дижитал шилжилтийн талаар ШУТИС-ийн багш Н.Дагваас тодруулбал, “Өнөө цагт уул уурхай руу залуучууд их татагдан орж байна. Энэ нь нэгд, уул уурхай ногоон эдийн засагт хамаарах болсноор шинэ үеийнхэн ирээдүйн амьдралаа утга учиртай харах болсноор тэдэнд таалагдан сонирхох болжээ.

Хоёрт, IT-ийн салбар уул уурхайд орж ирэн дижиталчлагдсанаар залуучууд техник, технологийг алсаас автоматаар удирдаж ажиллаж эхлэх нь тэдэнд сонирхолтой, таалагдаж байгаа. Тиймээс шинэ технологид шилжиж буй дижитал уул уурхай залуучуудыг татах нэг давлагаа болж байгаа”-г тэрбээр онцоллоо.

Чуулганыг мөн Монголын Уул уурхайн маркшейдерын холбоо, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо дэмжин зохион байгуулав



Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news