УБТЗ: БНХАУ-ын талтай хоногт 15 галт тэрэг солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-02 19:32:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН Замын-Үүд боомтоор БНХАУ-ын талтай хоногт 15 галт тэрэг солилцож байна. Тодруулбал, Замын-Үүд зангилааны төмөр замчид дөрөвдүгээр сард өргөн царигаар 1 удаа 14, 27 удаа 15, 2 удаа 16 буюу нийт 451 галт тэрэг БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ.


Ингэснээр хоногт дунджаар 15.03 галт тэрэг солилцсон амжилтыг тогтоов. УБТЗ-ын удирдлагууд Замын-Үүд–Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөхөд онцгой анхаарч, энэ талаар Хятадын талтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрч эхэлжээ. 


УБТЗ ХНН оны эхний улирлын байдлаар нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү гарсан байна. Тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл:

  • экспортоор 2.8 сая тонн,
  • импортоор 782 мянган тонн,
  • орон нутгийн 3.3 сая тонн,
  • транзит тээврээр 1 сая 97 тонн ачаа тус тус тээвэрлэжээ.

Эдгээрээс экспортын ачаа тээвэр өнгөрсөн оны мөн үеэс 96.2 хувиар илүү гарч, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдсэн байна.

Дээр дурдсанаар, дөрөвдүгээр сард хилийн гарцаар хоногт тогтмол 15.03 галт тэрэг солилцохдоо 15 дахь галт тэргийг ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэлийн дагуу экспортын нүүрстэй галт тэрэг байхаар зохион байгуулж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгч байна. Ингэснээр УБТЗ жилдээ өмнөх жилүүдийнхээс 1.2 сая тонн экспортын нүүрс илүү гаргах нөхцөл бүрдсэн
талаар мэдээллээ.

Related news