БУЛГАН: Татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-05 11:55:24

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан татвар төлөгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ онд “Цахимаар үйлчлүүлье” уриан дор 24 дэх жилдээ зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 2022 онд шинээр 170 хуулийн этгээд бүртгүүлж, нийт 1977 аж ахуйн нэгж байгууллага, 1123 иргэнийг цахимаар шинэ татвар төлөгчөөр бүртгэснээр татварын бааз суурь 2021 оноос дунджаар 4,9 хувиар нэмэгдсэн байна.  

Аймгийн Засаг дарга “Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа татвар төлөгч та бүхний хичээл зүтгэлийн дүнд энэ оны эхний 4 сарын байдлаар улсын төвлөрсөн төсөвт 613,5 сая төгрөгийг төвлөрүүлэхээс 825.7 сая төгрөг, аймгийн төсөвт 9,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 11,5 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн орлогод 4,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 4,4 тэрбум төгрөгийн орлого орууллаа. Нийт 16,4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн төсвийн орлогын төлөвлөгөөг 117,0 хувиар биелүүлээд байна” гэж мэндчилгээндээ дурдлаа.

Related news