ОРХОН: Хариуцлагатай уул, уурхай нь хүний эрхийг хамгаалахад чиглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр/МОНЦАМЭ/. “Хариуцлагатай уул уурхай” Хангайн бүсийн чуулган эхэллээ.
Чуулганыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, Австралийн Холбооны
Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байна. Чуулганд Орхон,
Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн төлөөлөл оролцлоо.
Чуулганы эхний
хэсэг “Уул уурхайн талаар баримталж буй бодлого, хариуцлагатай уул уурхай” сэдвээр
төрийн болон мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцуулсан юм.
Орхон аймаг 84.5 мянган га нутаг дэвсгэртэй. Үүний 11.6 мянган га талбай нь уул, уурхайн олборлолтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Орхон аймаг уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай уул уурхайн засаглал, байгаль орчин, нийгэм гэсэн гурван чиглэлд хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг. Үүний хүрээнд байгалийн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
Чуулганыг нээж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Л.Баярмандал хэлэхдээ, “Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр
нөлөөллийг оролцогч талуудад зөв мэдээлэл хүргэх, хариуцлагатайгаар үйл
ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, сайн туршлага
хуваалцах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү өдөрлөгийн
зорилго оршиж байна” гэсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Улс орны хөгжил уул уурхайн салбараас хамааралтай болсон энэ цаг үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц нь аль ч улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болж байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхай, байгаль дэлхий болон хүн төрөлхтний хөгжил хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай эрхэлж байгааг ямар шалгуураар хэмжиж, ямар шаардлагуудыг хангаж байгааг үнэлэх асуудал чухал. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал нь хүний эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай байх гэх мэт тулгуур зарчмуудад үндэслэсэн байх ёстой” гэсэн юм.