ӨМНӨГОВЬ: Монгол бичгийг ахисан түвшинд суралцах боломжоор хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-09 16:32:21

Даланзадгад /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг "Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд иргэд, хүүхэд залуучуудын монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжин, үндэсний бичиг үсгийн дурсгалыг сурталчлах зорилгоор 5 дугаар сарын 7-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэлээ.

 

Бичиг үсгийн баярыг Даланзадгад сумын Багш хөгжлийн ордонд аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, БШУГ, Төв номын сан, Архивын тасаг, Өмнөговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл, ахмад багш, АБТА Ч.Цоодол, ахмад багш, АБТА Ц.Амарсайхан нартай хамтран зохион байгуулсан юм.


 

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Өмнөговь аймгийн Төв номын сангаас монгол бичгээр бичигдсэн номын “Бичиг соёл” үзэсгэлэн, “Бидний бахархал-Монгол бичиг” хичээнгүй цэвэр бичгийн уралдаанд оролцсон хүүхэд багачуудын бичвэрийн үзэсгэлэн, “Багшийн эрдэм шавьд” багш шавийн хамтарсан монгол бичгийн уран бичвэрийн үзэсгэлэн, Соёл урлагийн газраас “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнАрхивын тасгаас хуучин монгол бичгээр бичиж тэмдэглэсэн архивын баримтууд“Монгол бичгийн хурдан уншигч” шалгаруулах тэмцээн зэрэг үйл ажиллагааг багш, сурагчид, төрийн албан хаагч нарын дунд зохион явууллаа.


 

Үйл ажиллагааны үеэр үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлуулах их үйлсэд салбартаа манлайлан ажилласан Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш Д.Энхээ, Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн багш С.Сайнбуян, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн багш Б.Төмөртогоо, П.Оюунцэцэг нарыг "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч" хүндэт тэмдгээр шагнасан бол Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн багш О.Гангамөрөнг Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр шагнажээ.

 

Мөн монгол бичгийг өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж буй багш болон шавийн нандин холбоо харилцааг сурталчлах, сурагчдад монгол бичгийг илүү ахисан түвшинд суралцах урам зориг төрүүлэх зорилгоор зохион явуулсан уралдаан тэмцээнийхээ шилдгүүдийг шалгаруулж шагнан урамшууллаа.

 


Үзэсгэлэнд оролцсон баг хамт олны бүтээлийн зохиомж, уран бичвэрийн ур чадвар, бүтээлээ танилцуулж буй байдал, тоо зэргийг харгалзаж  шагналт байрыг шалгаруулахад О.Гангамөрөн багштай 3 дугаар сургуулийн баг тэргүүлж Ж.Сугирпүрэв багштай 5 дугаар сургуулийн баг дэд байрт, С.Буянболдмаа багштай 4 дүгээр сургуулийн баг  хамт олон гутгаар байруудад тус тус шалгарлаа. 



Related news