ӨМНӨГОВЬ: Хонгорын элс орчимд бургасан төгөл байгуулах ажлыг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-17 18:37:48

Даланзадгад /МОНЦАМЭ/. Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан санаачлан говийн аялал жуулчлалын томоохон бүсийн нэг болох Хонгорын голын элс орчимд бургасан төгөл байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.  

Тэрбээр Улаанбаатар хотын Туул голын эргээр тарьж ургуулсан бургасыг хараад Хонгорын элсний орчимд бургас тарих санаагаа олжээ.

 


Ийнхүү 2022 оны хавар 100 ширхэг бургасны суулгацыг Хонгорын элсний чийгтэй хонхорт суулгаснаар тарьц 50 гаруй хувьтай ургасан байна.

Үлдсэн хэсэг нь мал, амьтны хөлд өртөж, ургаж чадаагүй байсан хэдий ч одоогоор зарим мод нь буцаж сэргэн нахиалж эхэлжээ. Тиймээс бургасан төглийг гүйцэд ургах хүртэл мал амьтнаас хамгаалах зорилгоор хэсэгчлэн хашаалах ажлыг эрчимжүүлж, жил жилээр бургасны тоог нэмэгдүүлэн, томоохон бургасан төгөл байгуулах зорилгыг тавин ажиллаж байна гэлээ.

 



Бургас мод нь тухайн байгальдаа дасан зохицож, ямар ч хөрсийг голдоггүй ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн бүс нутгуудад хамгийн хэрэгтэй модлог ургамал хэмээн үздэг.

Тарьж эхэлснээс хойш 3 жилийн дараагаас арчилгаа, усалгаа бага шаардаж эхэлдэг. Мөн говийн бүсэд маш тохиромжтой модлог ургамал бөгөөд ширгэж буй гол мөрний сав газарт тарихад усны нөөцийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой мод юм.

 

Related news