ӨМНӨГОВЬ: Музейн өдрийг “Музейн тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-18 14:15:36

Даланзадгад /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Цаг уурын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, эко системийг хамгаалах, хүрээлэн буй орчиндоо эрүүл, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг тодорхой зорилго, зорилттойгоор 2023 онд “Музейн тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриатай тэмдэглэж байна.


 

Тус уриан дор Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музейгээс уур амьсгалын өөрчлөлт болон хуурай газрын эко системийг хамгаалах, дэлхий даяар эрүүл мэнд ба сайн сайхны оршихуйг дэмжих зорилтын хүрээнд ахмад настан, ЕБС-ийн сурагчид, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг шат дараатай зохион байгууллаа.

 

Тодруулбал, олон улсын музейн өдрийг тохиолдуулан ахмад настнууд болон олон нийтэд зориулсан open mic үйл ажиллагааг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан бол эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахаар цэцэг сонирхогчдын дунд " Цэцэгсийн ертөнц" үзэсгэлэн худалдааг нээлттэй хийж байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тодорхой шалгуураар шагналт 5 байрыг тодруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулна.  





 



Харин ЕБС-ийн сурагчдын дунд шувуу ажиглах үйл ажиллагааг 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан бөгөөд шувуу судлаач Х.Түмэндэлгэр хүүхдүүдэд шувууны үүрний ач холбогдол, нүүдлийн шувуудын тухай танин мэдэхүй, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээллийг газар дээрээс нь олгож, экологийн боловсролыг нь дээшлүүллээ. Сурагчид шувууны тухай сонссон мэдсэн зүйлээ зургаар илэрхийлжээ.





Шувууны тухай зургийн уралдааны тэргүүн байрт 5 дугаар сургуулийн 7в анги сурагч Д.Цэлмүүн, дэд байрт 2 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Г.Хүслэн, гутгаар байрт 4 дүгээр сургуулийн 7в ангийн сурагч М.Саруул-Эрдэнэ, тусгай байрт 3 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Д.Мишээл нар шалгарч талархал, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

 

 



Related news