Ж.Даваасамбуу: Монголын физикчдийн судалгаа дэлхийн түвшинд хүрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2023-05-19 10:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Ази тивийн физикийн XXIII олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ сарын 21-29-нд зохион байгуулна. Уг олимпиадын зохион байгуулах талаар Монголын Физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Ж.Даваасамбуутай ярилцлаа.

 

-Азийн физикийн олимпиадыг манай улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Бэлтгэл ажлаа хэр хангаад байна вэ?

-Олимпиад нь Азийн орнуудын физикийн боловсролын түвшнийг үнэлэх, физик сонирхож буй сурагчдыг дэмжих, зохион байгуулж буй тухайн орны соёлыг сурталчлах зорилготой. Тиймээс зөвхөн физикчдийн ажил биш, маш олон хүнийг хамардаг. Олимпиадыг зохион байгуулах хүрээнд бүтэн жилийн туршид МУИС, МУБИС, ШУТИС-ийн физикийн багш нар, ШУА-ийн Физик, химийн хүрээлэнгийн судлаачид хамтран бүх аймаг, дүүргийн сургуулиудад физикийн сургалт явуулсан. Нийт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй баг физикийн хичээлийн хоцрогдлыг арилгах, багш нарыг чадавхжуулах, физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах зорилгоор танин мэдэхүйн өдөрлөг зохион байгуулж, туршилтын ажлуудыг үзүүлсэн.


Олимпиад зохион байгуулна гэдэг нэр төрийн хэрэг юм. Манай улс Азийн физикийн олимпиадыг 2008 онд анх удаа зохион байгуулж байсан. Энэхүү олимпиадыг БШУЯ, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Физик, химийн хүрээлэнгийн 100 гаруй эрдэмтэн, МУИС, ШУТИС, МУБИС-ийн физикийн тэнхим гэхчлэн Монголын бүх физикчид хамтын хүчээр хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 


Энэ хүрээнд жилийн турш физикээр "амьсгалуулах" гэж хичээлээ. Тухайлбал, ЕБС-д үздэг физикийн онлайн хичээлийг манайхан хийсэн. ШУТИС болон ЕБС-ийн олимпиадад оролцдог шилдэг багш нар хамтран 200-аад лекц, 200-аад даалгавартай хичээл бэлтгэсэн. Багш, сурагч, сонирхсон хэн ч үзэж болно. Мөн физикт сонирхолтой хүмүүст гарын авлага болох юм.


-Азийн физикийн XXIII олимпиадын бодлогыг Монгол эрдэмтдийн баг зохиосон гэж сонссон. Ер нь олимпиадын бодлогыг зохиох баг гэж байдаг уу?

-Азийн физикийн олимпиадыг зохион байгуулагч орон бүх бодлогоо өөрсдөө зохиодог. Нууцлалтай учраас таван бодлогыг таван хүн зохиосон, нэг ахлагчтай. Бид хариуцлагын гэрээ байгуулсан. Шударга, нэр хүндтэй тэмцээн зохион байгуулах нь чухал. Онолын гурван бодлогоо зохиогоод бэлэн болсон. Туршилтын хоёр бодлогоо зохион бүтээгээд, 600 ширхэг лабораторийн ажил захиалан бэлэн болгоод байна. Шаардах хэмжилтийг 150 ширхгийг гадаадад захиалсан. Олимпиад бол спортын тэмцээнтэй адил тамирчдыг урьж ирүүлэн зохиодог ажил биш, өөрсдөө бодлогоо зохиохоос авахуулаад бүх зохион байгуулалтыг хийдэг. Азийн физикийн олимпиадыг 23 удаа зохион байгуулахад 12 орон ээлжилсэн байдаг. Манай физикчид Азидаа нэр хүндтэй учраас эх орондоо зохион байгуулах гэж байна. Олимпиадын бодлого цоо шинэ, урьд өмнө зохиож байгаагүй, уран байх ёстой.


-Хэчнээн орны эрдэмтэд оролцох вэ. Нобелийн шагналт эрдэмтэн урилгаар лекц уншина гэж байсан?

-Азийн физикийн олимпиад гэж байгаа ч Румын, Номхон далайн орнууд, Австралиас шилдэг физикчид ирнэ. Азийн физикийн олимпиадын хорооны дарга, Тайванийн их сургуулийн профессорууд, Вьетнамын маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг гээд олимпиадад оролцохоор нийт 28 орны 200-аад сурагч, 100 гаруй багш, профессор ирнэ. Мөн  40-өөд хүн ажиглагчаар ирж оролцоно.


2010 оны Нобелийн шагналтан Константин Сергеевич Новоселов энэ сарын 27-нд “Ирээдүйн материал” сэдэвт илтгэлээ тавина. Энэ бол олимпиадад оролцогчдод олдож буй боломж юм.


Нэг баг найман сурагч, хоёр багштай оролцоно. Эх орондоо зохион байгуулж буй учир давуу эрхээр манай улс хоёр баг оролцуулах боломжтой болсон. Улаанбаатар хотоос хоёр, хөдөө орон нутгаас зургаан сурагчийг сонгосон. Өмнө нь Азийн физикийн олимпиадад хотын сурагчид оролцдог байсан. Өнөө жил орон нутгийн сурагчдыг дэмжих, олимпиадын хүрээг тэлэх зорилгоор сургалт зохион байгуулж, улсын физикийн олимпиадад эхний найман байрт шалгарсан зургаан сурагчийг сонгосон. МУИС-ийн багш нар баг бүрдүүлэн, бэлтгэл хийж байна.


-Сүүлийн үед их, дээд сургуульд физикийн хичээлээр элсэгчдийн тоо эрс буурсан гэж мэдээлж байсан. Хүүхдүүдийг физикт "дурлуулахын" тулд юу хийх ёстой вэ?

-Тэр бол үнэн. Энэ нь зөвхөн Монголд биш дэлхий нийтэд тулгарч байгаа асуудал юм. Байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа физикийн шинжлэх ухааныг судлагчдын тоо эрс багассан. Гэхдээ тасалдахдаа хүрч байгаа нь манайхны зохион байгуулалтын алдаа байсан. Хүүхдүүдийг нэгдүгээр курсээс нь физикийн ангид элсүүлдэггүй, 2 дугаар курсээс физикийн ангид сурах уу гэхэд ганц хоёр хүүхэд л ордог. Тиймээс эхнээс нь сонирхсон хүүхэд орж чаддаггүй. Саяхнаас МУИС нэгдүгээр курсээс нь элсүүлж эхэлсэн, одоо 20-иод оюутантай хичээллэж байна.


-Манай улс физикийн багш, боловсон хүчний хувьд хэр хангалттай байдаг вэ?

-Монголд физикийн 1090 багш бий. Физик маш чухал шинжлэх ухаан. Түүнийг хүүхдэд хүргэнэ гэдэг амаргүй. Багшийг чадавхжуулах, хүүхдүүдийг физикт сонирхолтой болгох, энгийнээр заах хэрэгтэй байна. Физикийн туршилтын ажлуудыг үзүүлэхэд зарим аймагт 1000 хүүхэд үзсэн байсан. Тэгэхээр хүүхдүүд физикт маш дуртай гэдэг нь харагдсан.


Физик бол хэдэн томъёо биш, энгийнээр зааж болно. Физикийн хичээлийн хөтөлбөрийг физикийн багш нар, математикийн хичээлийн хөтөлбөрийг математикийн багш нар боловсруулдаг, хоорондоо уялдаа холбоогүй. Тиймээс Монголын сургалтын хөтөлбөрт тийм алдаа байна. Хөтөлбөрийн зохицуулалтыг шийдэх асуудал их байгаа.


-Олимпиадыг олон улсын жишгийн дагуу зохион байгуулж байгаа байх. Олимпиадын шүүгч нар гаднаас ирэх үү, эсвэл монголчууд өөрсдөө шүүх үү?

-Бүх зүйл нууцлалын өндөр зэрэглэлтэй байна. Бодлогын үнэлгээ хийхдээ олон улсад хэрэглэдэг Швейцарын тусгай программ авч байгаа. Бодлогод найруулга, бичлэгийн алдаа байна уу хэмээн бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг хийнэ. Бүгд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд сурагчдад өгнө. Тиймээс маш том хэлэлцүүлэг, сургалт болно. Энэ хүрээнд орон нутгаас 21 шилдэг багш, 9 дүүргээс гээд нийт 30 багшийг 9 өдөр олимпиад хэрхэн зохион байгуулах, бодлого хэрхэн зохиох гэхчлэн туршлага хуримтлуулах сургалт болох юм.


ШУА-ийн Физик, химийн хүрээлэнгийн судлаачид, МУИС, МУБИС, ШУТИС-ийн физикийн багш нараар шүүгчийн багийг бүрдүүлсэн. Нэг хүүхдийн бодлого гэхэд 40, 50 хуудас байгаа. 200-гаад хүүхдийн ажлыг засна гэдэг амаргүй.


-Азийн физикийн олимпиадад монголчууд өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ. Монголын физикчдийг гадаадад өндөр үнэлдэг гэдэг юм билээ?

-Азийн физикийн олимпиад бол хамгийн чансаатай олимпиад. 2022 оны Азийн физикийн олимпиадын медалийг саяхан гардуулж өглөө. Өнгөрсөн жил онлайнаар болсон учир шагнал нь хоцорч ирсэн. Тус олимпиадад Монгол Улс нэг мөнгө, гурван хүрэл, нэг шагналт байр эзэлсэн. Монголчууд Олон улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль хүртэж байсан. Олон улсын олимпиадаас шагнал авдаг ч Азийн физикийн олимпиадаас чаддаггүй. Хамгийн сайн амжилт үзүүлсэн нь хэдэн жилийн өмнө хүртсэн хүрэл медаль. Азийн физикийн олимпиадад Хятад, Сингапур, Тайвань, Орос, Энэтхэг, Вьетнам гээд дэлхийн топ улсуудын шилдэг багууд оролцдог болохоор өрсөлдөөн маш их байдаг. Манай улс олон улсын физикийн олимпиадын түвшнээр Европын орнуудаас илүү амжилт үзүүлдэг. Ер нь Герман, Франц манай физикчдийн доогуур орно шүү.


Монголын маш олон физикч гадаадад, тухайлбал, Канадын их сургууль, Австралийн Сиднейн их сургууль, БНСУ-ын Инчоны их сургуульд ажиллаж байна, мөн нэг залуу Германд лаборатори удирдаад явж байна. Монголын физикчдийн судалгаа дэлхийн түвшинд хүрсэн. Энэ жил манай физикчид АНУ-ын судалгааны сангаас хоёр том төсөл авсан. Мөн Монгол-Беларусийн хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Монголын физикчдэд боломжийг нь өгөх юм бол дэлхийн түвшинд ажиллах боломжтой. Олон залуу гадаадад докторын ажлаа хийж байна. Түүнчлэн маш олон залуу докторын дараах ажилдаа судалгааны багийг ахалж байгаа.


-Энэхүү олимпиадыг эх орондоо зохион байгуулах нь багш сурагчид туршлага хуримтлуулахаас авахуулаад олон талын ач холбогдол, үр өгөөжтэй байх?

-Биет болон биет бус ач холбогдолтой. Биет гэхээр бид 600-аад лабораторийн ажил хийсэн. Олимпиадын дараа лабораториудыг ЕБС-иудад хүлээлгэж өгнө. Ингэснээр сургалтын баазыг бэхжүүлж чадна. Урьд өмнө хийж байгаагүй шинэ ажлууд байгаа. Энэхүү олимпиадад оролцож байгаа улс орнууд худалдаж авах магадлалтай. Мөн хэмжилтийн 150 багажийг дунд сургуулиудад тарааж өгнө. Олимпиадын хүрээнд нэлээн олон компьютер, принтерийг физикийн сургалт явуулж буй их, дээд сургуулиудад хүлээлгэн өгнө. Түүнээс гадна хот, хөдөөгийн физикийн сургалтын түвшин ямар байгааг үнэлэх боломжтой болно.


Мөн биет бус гэхээр, гадаадын 300 гаруй хүн монгол ахуй, байгалийг Азийн орнуудад сурталчилна. Тиймээс Монголыг сурталчлах том үйл ажиллагаа гэж хэлж болно. Түүнчлэн манай физикчид гадаадын судлаачидтай харилцаа холбоо тогтоох, физикийн багш нар маань олон улсын олимпиад хэрхэн явагддаг талаар мэдээлэл авах, орон нутгийн физикийн багшийн нэр хүнд дээшлэх юм.


 

Related news