АРХАНГАЙ: Булган сум шүдний кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-19 08:51:36

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний гавьяат эмч Ц.Норовпил Булган сумын ЭМТ-д 6 сая 664000 төгрөгийн өртөг бүхий шүдний эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бэлэглэж, хүлээлгэн өглөө.  

Энэ үеэр түүний үүсгэн байгуулсан "Арано" шүдний эмнэлгийн их эмч, тeхникч, сувилагчийн эмчилгээний баг суманд хоёр хоногийн хугацаанд ажиллаж, анхан шатны үзлэгийг 221 хүүхдэд хийсэн бөгөөд 42 хүүхдийг эмчилгээнд хамруулжээ.  Мөн 20 гаруй насанд хүрэгчдэд шүдний үзлэг, эмчилгээг хийсэн байна.

Цаашид тус шүдний кабинетыг нэмж тохижуулан, "Арано" эмнэлгээс гэрээгээр шүдний эмч нарыг урьж, сумын иргэдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр сумын удирдлагууд төлөвлөсөн байна.

Шүдний тоног төхөөрөмжид шүдний бор машин, эмчийн сандал, эмийн шкаф, кварцтай шкаф, компрессор, толь,уусмалын сав, гарын цаас тогтоогч, хогийн сав, шүүр, ном гарын авлагууд багтжээ.

Булган сум нь аймгийн төвөөс баруун зүгт, 45 км-т алслагдсан байдаг.


Related news