ЗАВХАН: Тарваганы нягтаршлын судалгаагаар тоо толгой нь өссөн гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-22 15:01:08

Улиастай /МОНЦАМЭ/. Энэ жилийн олон улсын биологийн олон янз байдлын өдрийг “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл тус аймгийн хэмжээнд хууль бус ашиглалтад өртөж буй биологийн төрөл зүйлүүдийн нэг болох монгол тарваганы тоо толгойг нэмэх, хамгаалах, нутагшуулах чиглэлээр хийж буй ажлуудыг холбогдох байгууллагуудаас нь тодрууллаа.

Тосонцэнгэл суманд сэргээн нутагшуулсан монгол тарваганы популяцийн тоо толгой жилд 13.6 хувь өсжээ.


Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламж санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” “ENSURE” төслийн захиалга, санхүүжилтээр монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг хийсэн.


Судалгааны явцад сэргээн нутагшуулсан тарваганы популяцийн тоо толгой жилд 13.6 хувь өсөж, үржлийн хосын тоо нэмэгдсэн байна. Тухайн популяцид мөндөлийн эзлэх хувь өндөр буюу 26.4 хувь, биологийн үхэл хорогдол бага, үржлийн эрчим хэвийн байгаа нь сэргээн нутагшуулах ажил эерэг үр дүнтэй байгааг харуулж байна.


Төслийн хүрээнд хийсэн судалгаанд сансрын зураг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тарваганы ичээ нүх тоолох, нягтшилыг үнэлэх аргазүйг боловсруулан ашигласан байна. Мөн орон нутгийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, нөхөрлөлийн гишүүдэд монгол тарваганы биологийн онцлог, амьдрах орчны талаар болон судалгаа ажиглалтын багаж хэрэгслийг ашиглах. Мэдээлэл цуглуулах сургалт зохион байгуулж цаашид нутагшуулсан тарвагыг хэрхэн нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах зөвлөмжийг боловсруулж амжилттай ажиллаж байна.


Тарвага сэргээн нутагшуулсан байршил нутгийг орон нутгийн иргэд, нөхөрлөлд хариуцуулан, төслийн орон нутгийн зохицуулагчид, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт тавин хамтран ажиллаж байна. Ингэснээр хүний шууд ба дам сөрөг нөлөө, хууль бус агнуураас сэргийлэх улмаар нутагшуулсан тарваганы тоо толгой өсөх боломжийг бүрдүүлээд буй юм.


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг буюу Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газарт монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг хоёр үе шаттай буюу 2020 -2021 оны хавар тус бүр 25 толгой, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Мод толгой гэх газарт 20 нийт 70 толгой бодгалийг сэргээн нутагшуулах ажлыг Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачдын баг хийсэн гэж “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төслийн орон нутгийн зохицуулагч мэдээлэв.

 

Дөрвөлжин сумын нутаг Туулайт уул орчимд 2019 онд нутагшуулсан тарваганы тоо толгой өссөнийг хөдөлгөөнт камерын дүрс зургаар баталгаажуулж байна.

Туулайт уул орчимд хөдөлгөөн мэдрэгч долоон автомат камер байрлуулж нутагшуулсан тарвагыг хянаж байна. Туулайт уул орчмын биологийн олон янз байдлыг хамгаалах, монгол тарвагыг нутагшуулах ажлыг уул уурхайн “Баян айраг эксплорэйшн" компанийн дүйцүүлэн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа "Отгон Бор Хавцал" ТББ-аас хийсэн. Хөтөлбөрийн хүрээнд Туулайт уул орчмын уулсын биологийн олон янз байдлыг хамгаалах, судлах чиглэлээр хэд хэдэн ажил хийсний нэг нь монгол тарвага сэлгэн нутагшуулах ажил юм.


Учир нь Дөрвөлжин сумын хэмжээнд монгол тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээ багасаж устах аюулд орж болзошгүй байгаа тул хамгаалах зайлшгүй шаардлага гарсан. Тиймээс хулгайн анд өртөх магадлалтай, зам дагуу болон бусдаасаа тасарсан өсөх боломж бага популяцууд болох нийт хоёроос гурван насны найм буюу таван эм, гурван эр тарвагыг Туулайт уул орчимд байсан дөрвөн популяцтай нийлүүлэн тавьсан.

Ингээд тус газарт автомат камер суурилуулан судалгааны ажлыг хийсэн бөгөөд намар нь хоёр бүл болон ичсэн байна. Тарвага сэлгэн нутагшуулсан талбай нь Дөрвөлжин сумын Жанчив БААХ нөхөрлөлийн хариуцсан талбай бөгөөд хамгаалалт, судалгаа мониторингийн ажлыг нөхөрлөлийн гишүүд болон сумын байгаль хамгаалагч нар тогтмол хийж байна.


Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар тарвага агнахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангах. Мөн орон нутагт хууль бусаар тарвага агнаж нойтон тулам нийслэл рүү оруулж үнэтэй зарах тохиолдол гарсантай холбоотой 2019 онд тарваганы хууль бус агналтын эсрэг дрон ашиглан тэмцэж байсан. Тодруулбал, манайхаас Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай хамтран байгалийн ургамлыг хууль бусаар түүж буй иргэн, агнахыг хориглосон тарвагыг хамгаалах зорилгоор хяналт шалгалтыг эрчимжүүлэн долоодугаар сараас эхлэн дрон ашиглаж байсан нь нь үр дүнгээ өгч байсан гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.   


Ташрамд Завхан аймаг дахь монгол тарваганы тархац, тоо толгой нягтаршил нь 1990 оноос хойш 82 хувиар буурсан тухай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2017 онд мэдээлж байсан.

Тодруулбал, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Алдархаан, Идэр, Тэлмэн, Яруу, Эрдэнэхайрхан зэрэг 11 сумын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр хийсэн тандалт судалгаагаар нутгийн нэг га-д 0.02-1.52 толгой тарвага судлагджээ. 1983-1989 оны монгол тарваганы нягтаршил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4 гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь 82 хувиар буурсан үзүүлэлт байна гэж анхааруулж байжээ.


Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд тарваганы тархац, нягтаршлын бүрэн судалгааг хийгээгүй байна. Харин Эрдэнэхайрхан, Яруу Түдэвтэй, Нөмрөг сумын нутгаар 2022 онд хийсэн судалгаагаар нэг га-д 1.3-0.4 толгой тарвага судлагдсан байна гэж Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв. 


Related news