ТӨВ: Даяар дуурсагдах далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөө сүндэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-23 16:44:03

Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөө босгохоор болжээ. 


Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Жигжидийн Мөнхбатын алдар гавьяаг дурсаж, хөшөө дурсгалыг аймгийн төв Зуунмод хотод мөнхжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 22-ны өдөр домогт аваргын дурсгалд зориулсан хөшөөний шав тавих ёслол болов.


Ж.Мөнхбат нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мехико хотноо 1968 онд зохион байгуулсан зуны XIX олимпын наадмаас чөлөөт бөхийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, Энэтхэг улсын Дели хотноо 1967 онд болсон ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртсэн дэлхийн бөх, даяар дуурсагдах далай дархан аварга юм.

Тэрээр 1941 оны 6 дугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлж, бага залуу наснаасаа үндэсний бөх, чөлөөт бөхийн төрлүүдээр хичээллэж, улсын их баяр наадамд 1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд түрүүлж, 1972, 1975, 1978, 1980 онд үзүүрлэсэн амжилттай. 


Related news