ОРХОН: М.Мөнхтуяа: Зорилгоо тодорхойлсон хүн санхүүгээ удирдаж чадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-26 08:43:07
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлгийг Орхон аймагт зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн бирж, даатгалын компаниуд оролцсон юм. Энэ үеэр “Мандал Капитал Маркетис ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхтуяатай ярилцлаа.

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт салбарын эрх зүйн шинэчлэл, өөрчлөлт хэрхэн өрнөж байгааг дурдахын ташрамд  иргэдийн санхүүгийн боловсрол бага хэвээр байгааг онцолж байсан. Энэ нь иргэдийн амьдралын чанарт ч нөлөөлж байна. Танай байгууллага олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулдаг. Үр дүн нь хэр гарч байна вэ?

-Юуны өмнө байгууллагынхаа талаар товч мэдээлье. “Мандал Санхүүгийн Нэгдэл” нь хөрөнгийн зах зээл болон даатгалын зах зээлд тэргүүлэгч санхүүгийн групп компани юм. Даатгалын зах зээлд бид Мандал Даатгал, Тэнгэр Даатгал, Мандал Лайф гэсэн компаниудтайгаар салбартаа тэргүүлж байна. Хөрөнгийн зах зээлд Мандал Капитал Маркетс ҮЦК болон Мандал Ассет Менежмент хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд үйл ажиллагаа явуулан мөн л зах зээлд тэргүүлж байна.

Мандал Санхүүгийн Нэгдлийн нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндсэн философи, зарчимтай. Энэ хүрээнд бид энэ онд л гэхэд иргэдэд даатгалын ач холбогдол, эрсдэлийн боловсролыг олгох "Эрсдэлийн форум"-ыг 13 дах жилдээ, хөрөнгө оруулалтын боловсролыг олгох "Хөрөнгө оруулалтын экспо арга хэмжээ"-г хоёр дахь жилдээ олон нийтэл  нээлттэйгээр зохион байгуулсан. Мөн санхүүгийн зах зээлийн үүсэл хөгжил, түүхийг шингээсэн 1000 гаруй үзмэрээс бүрдэх "Дэлхийн санхүүгийн түүхийн музей"-г үүсгэн байгуулж, хүн бүрт үнэ төлбөргүй, нээлттэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү музейг Улаанбаатар хотод ирэхдээ үзэж сонирхоорой гэж Эрдэнэтчүүддээ уриалмаар байна.

-Санхүүгийн мэдлэг, ойлголтыг иргэд мэргэжлийн байгууллагаас авах гэхээсээ найз нөхөд, ном товхимолоос л хагас, дутуу авч байгаа харагддаг. Үүний хор уршиг ч багагүй гарч байдаг. Та ийм тохиолдолд юу гэж зөвлөх вэ?

-Мэргэжлийн байгууллагад хандаж сурах хэрэгтэй. Монголчуудын санхүүгийн боловсрол маш сул. Үүнийгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Санхүүгийн мэдлэг боловсролыг бүрэн дунд боловсролд, бүр цаашлаад их сургуульд суурь боловсрол хэлбэрээр олгодоггүй. Гэтэл бидний өдөр тутмын амьдралд мөнгөө яах билээ, яаж өсгөх билээ, хэрхэн зөв зарцуулах вэ гэсэн санхүүгийн олон асуудлууд тулгарч байдаг. Энэ мөчид бид санхүүгийн байгууллагад ажилладаг найзаасаа асуух эсвэл ойр дотныхоо хүнийг дагаж, дуурайж эхэлдэг. Энэ нь маш том алдаа болдог. Бид мөнгө олохдоо маш их хичээл зүтгэл, хугацааг зарцуулдаг боловч эргээд мөнгөө байршуулахдаа зүгээр л хүний үгээр судлалгүйгээр байршуулдаг. Үүний нэг тод жишээ нь койн. Иймээс аливаа санхүүгийн асуудлыг мэргэжлийн байгууллагад хандаж шийдвэрлэх арга замаа олж сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Манай компанийн хувьд л гэхэд мөнгөө хэрхэн үр ашигтай байршуулахаа мэдэхгүй хүн бүрт үнэ төлбөргүйгээр зөвлөгөөг өгдөг. Хоёрдугаарт, бид санхүүгийн боловсрол хүнд, хол биш гэдгийг ойлгож, зорилготойгоо холбож санхүүгээ удирдах хэрэгтэй. Иймд бид хөрөнгө оруулалт, бонд, хувьцаа гэж ярихаасаа урьтаж хувь хүний ЗОРИЛГЫГ хамтран тодорхойлсноор хувь хүний санхүүг удирдах процессыг эхлүүлдэг.

-Зорилго хэр их чухал вэ?

-Маш чухал. Хувь хүний санхүүгээ удирдахдаа зорилгоосоо эхлэх ёстой. Тухайн хүн эхлээд юуны төлөө мөнгөө өсгөх гээд байгаагаа тодорхой болгох ёстой. Зорилгоо тодорхойлсноор хугацаа төлөвлөгддөг. Ингээд хадгаламж уу, хувьцаа юу, бонд уу гээд аль бүтээгдэхүүнд байршуулбал хамгийн үр ашигтайгаар, өгөөжтэйгээр, эрсдэл багатайгаар мөнгөө байршуулах нь тодорхой болдог. Манай санхүүгийн зөвлөгөө нь Зорилгод суурилсан мөнгөний удирдлагад чиглэдэг. Тухайн хүн тэтгэвэртээ хуримтлал үүсгэх зорилготой байна уу, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зорилготой байна уу, аялах зорилготой байна уу гэдгээс нь хамааруулан тохирох санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Өөрөөр хэлбэл, амьдралын хэв маягтай нь санхүүгийн шийдлийг холбож өгнө гэсэн үг.

-Монголчууд тэтгэврийн насандаа дөхөөд ирэхээрээ л мөнгөө хуримтлуулах  санаа нь “төрдөг” байх.  Гэхдээ үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлж чаддаггүй. Бид хэзээнээс яаж хуримтлуулж сурах вэ?

-Хэзээнээс хуримтлуулах вэ гэж асууж байгаа бол Яг Одооноос эхэл гэж зөвлөе. Өнөөдөр биш, маргааш ч биш Яг Одоо. Хүмүүс за энэ асуудлаа цэгцэлчихээд, их мөнгөтэй болохоороо, тэдэн жилийн дараа гэж хуримтлалыг хойшлуулсаар нэг л мэдэхэд тэтгэврийн насандаа ирчихдэг. Тэтгэвэртээ гарахдаа хуримтлалгүйгээс үүдэн өр, зээл тавьж санхүүгийн хэрэгцээ шаардлагаа шийдэх нь элбэг байдаг. Гэтэл олон улсад залуучууд ажил хөдөлмөр хийж эхлэх үеэсээ эхлэн тэтгэврийн хуримтлал хийж, хөрөнгө оруулагч болж, тэтгэврийн насанд ирэхдээ хуримтлалын орлогоороо аялж, зугаалж санхүүгийн хэрэгцээ шаардлагаа нөхдөг. Гэтэл бид өнөө маргааш гэсээр урт хугацаанд нь харж төлөвлөдөггүй. Иймд санхүүгийн хуримтлалд хэзээ гэдэг ойлголт байдаггүй харин яг одооноос эхэлж, тогтмол хуримтлуул гэсэн нэг л зарчим бий.

-Сайхан амьдаръя  гэвэл нэмэлт орлого, хөрөнгө оруулалт  чухал гэж та  хэлж байна уу ? 

-Тийм. Үндсэн цалингаасаа бид тогтмол хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Ингээд хуримтлалын орлогоороо нэмэлт хэрэгцээ шаардлагаа шийдэж байх ёстой. Өнгөрсөн жил л гэхэд манай байгууллага харилцагчдынхаа мөнгийг удирдаж, 16 тэрбум төгрөгийн нэмэлт буюу хүүгийн орлогыг харилцагчдадаа бодитоор олгосон байна.

Хөрөнгө оруулалт хийхэд нэрлэсэн дүнгээс илүүтэй бодит өгөөж хамгийн чухал байдаг. Дийлэнх хүмүүс нэрлэсэн дүнгээр хөрөнгө оруулалтыг хардаг. Гэтэл үүнээс инфляцыг хасч байж л өнөөдөр яг таны байршуулсан мөнгө бодитоор өссөн байна уу гэдгийг тодорхойлно. Иймд хүмүүс маань зайлшгүй инфляцаас өндөр өгөөжийг бий болгох бүтээгдэхүүнд хөрөнгө мөнгөө байршуулах хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.

-Байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахын тулд ажилтны хуримтлалыг эхлүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Та энэ үйлчилгээнийхээ талаар тайлбарлаач?

-Өнөөдөр Монголын бүх байгууллага хүний нөөцийн асуудалтай байна. Ялангуяа залуус гадаад руу ажиллаж, амьдрах, сурахаар явж байгаа энэ үед хүний нөөцийн хомстол үүсч, тогтвортой бодлого хамгийн чухал болоод байна. Хүний нөөц тогтворгүй болоод ирэхээр бизнес ч тогтворгүй болдог. Хүний нөөцийг тогтвортой барихад ажилтны хуримтлал маш чухал нөлөөтэй. Олон улсад байгууллагууд ажилтанд үндсэн цалингаас гадна хангамжийн багц олгодог. Үүнд хамгийн том нь ажилтны хуримтлал буюу ажилтны амьдралын баталгааг хангахад байгууллагаас дэмжих үйл ажиллагаа юм.

Тэгвэл энэ жишгийг бид Мандал Хуримтлал технологийн шийдлээр дамжуулан байгууллагуудад санал болгон нэвтрүүлээд байна. Энэ нь ажилтан, байгууллага хамтран тогтмол хуримтлал үүсгэж, үүнийг нь мэргэжлийн санхүүгийн менежерүүд удирдаж өсгөх үйлчилгээ юм. Байгууллагын удирдлагууд ажилтантайгаа тохиролцоод сард хэдэн төгрөгийн хуримтлал үүсгэхээ шийдэж болох уян хатан нөхцөлтэй. Үр дүнд нь ажилтан  нь хуримтлалтай, хуримтлал нь хадгаламжийн хүүнээс өндөр түвшинд өсчихсөн, байгууллага ч түлхүүр ажилтнуудаа хадгалан үлдэх давуу талтай. Мөн хамгийн гол нь аль аль тал хүссэн үедээ хуримтлалын мөнгө хэрхэн өсөж байгааг харах технологийн шийдэлтэй гэдгээрээ онцлогтой.

-Танайх амьдралын даатгалыг тун удахгүй олон нийтэд танилцуулна гэсэн. Монголчуудын дундаж наслалт 70  байгаа энэ үед  мөн амьдралын чанарын тухай ойлголт нь сул байгаа үед энэ даатгалыг хэр сонирхох бол?

-Даатгал нь ердийн болон урт хугацааны гэсэн үндсэн хоёр төрөлтэй. Амьдралын даатгал нь урт хугацааны даатгал буюу нас эцэслэх хүртлээ даатгуулахыг хэлдэг. Үүний гол зорилго нь ирээдүйгээ баталгаажуулж, гэр бүлдээ өв үлдээх юм. Монголчууд хэзээ ч нас барахгүй мэт амьдардаг. Энэ талаар бодвол муу ёр гэдэг. Гэтэл нас барах нь өөрөө амьдралын жам, хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой нөхцөл байдал юм. Тэгэхээр энэ үнэнээс зугтах биш, харин ирсэн цагт бид үр хүүхэддээ юу үлдээсэн байх билээ, юуг хийж бүтээсэн байх билээ гэдэг хамгийн чухал. Амьдралын даатгалын бүтээгдэхүүн яг энэ асуудлыг шийдэж өгч, таны гэр бүлийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой. Алсыг хардаг, гэр бүлээ хамгаалах хүсэлтэй хүн бүр энэхүү бүтээгдэхүүнийг сонирхоно гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

Related news