ОРХОН: Хүүхэд өртсөн авто замын осол багасахгүй байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-26 20:26:36
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Орхон аймгийн хэмжээнд 9 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Эдгээр ослын ихэнх нь Оюут, Уурхайчин багт гарчээ.

Ослын дийлэнх нь сурагчид явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа өртсөн нь эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Одбаяр хэллээ.

Замын хөдөлгөөний тухай хууль”-д 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог ч эцэг, эхчүүд үүнийг үл хайхран ганцааранг нь сургууль руу явуулж амь насыг нь эрсдэлд оруулсаар байгааг мөн анхааруулсан юм.

Орхон аймгийн хэмжээнд 2022 онд хүүхэд өртсөн зам тээврийн 20 осол бүртгэгдсэнээс 19 хүүхэд хүнд, хөнгөн бэртэж, нэг хүүхдийн амь хохирчээ. Эдгээр 20 хүүхдийн 16 нь явганаар, хоёр нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа, хоёр нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.

Аймгийн хэмжээнд 2021 онтой харьцуулахад хүүхэд өртсөн авто ослын тоо дахин нэмэгдсэн байна. 

Related news