ХОВД: "Соёлын сэргэлт-2023" аяны үйл ажиллагаа эхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-29 11:46:05

Жаргалант /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Соёлын сэргэлт-2023" аяны Баруун бүсийн нээлт өнөөдөр 14.00 цагт Ховд аймагт болно. Аяны хүрээнд Төрөөс соёлын талаар баримтлах бодлого ба Соёлын яамны стратеги төлөвлөгөөг танилцуулах, Ховд аймгийн соёлын ажилтнуудыг чадавхжуулах зорилго бүхий сургалт, уулзалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм.

Мөн “Монголын шилдэг соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн, “Баруун бүсийн уламжлалт идээ, ундааны соёл болон уламжлалт гар урлал”-ын үзэсгэлэн, худалдаа, нээлттэй өдөрлөг, Үндэсний урлагийн Их театр, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү аяныг “Ховдын өглөө” үйл ажиллагаагаар эхэллээ. Тодруулбал, Ховд аймгийн Нийтийн номын сан, Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд Буянт голын хөвөөнд “Ховдын өглөө” сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулав. 

Тус үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат тэргүүтэй албаны хүмүүс оролцож, мэдээлэл солилцсон байна. Тухайлбал, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр Чингис хаан Музей болон Монголын Их Хаадын тамганы талаар мэдээлэл өгчээ. Мөн оролцогчид Гэр номын сангийн үйл ажиллагаатай танилцаж харилцан ном солилцлоо.

Ховд аймгийн Нийтийн номын сан нь зуны улиралд Буянт голын хөвөөнд Гэр номын сан ажиллуулж, хүүхэд багачууд, иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэдэг уламжлалтай.   

Related news