СЭЛЭНГЭ: Буриадын Бүгд Найрамдах Улсын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-31 07:42:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын эхээр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийхдээ Сүхбаатар сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр зочилж, уулзалт хийсэн. Тэрбээр уулзалтынхаа үеэр тус сургуулийн сурагчдыг эцэг эхийн хамт Буриад улсад айлчлахыг урьж, Буриадын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломж байгаа гэдгээ хэлсэн юм.

 

Энэхүү урилга хийгээд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улс, Сэлэнгэ аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдыг тус улсад аялах хөтөлбөрийг энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

 

Аяллын гол зорилго нь хүүхдүүдийг Буриадын улсын их дээд сургууль, коллежуудтай танилцуулах, улмаар тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан дээд болон тусгай мэргэжлийн чиглэлээр хэрхэн суралцах талаар туршлага судлахад чиглэсэн байна.

Аялалд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Сант, Сайхан, Хушаат, Мандал, Түшиг, Орхон, Шаамар, Түшиг, Орхон сум, Дулаанхаан, Номгон тосгоны төлөөлөл 37 сурагч, Алтанбулаг, Сүхбаатар, Сант, Сайхан сумын сургуулийн захирлууд, багш, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл нийт 45 хүн оролцжээ.

Тэд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын 5 их сургууль, 3 коллежийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Сурагчдын зүгээс энэхүү аялал нь ажил мэргэжил, сургалтын орчноо сонгох, найз нөхөд, эцэг эх асран хамгаалагчдадаа мэдээлэл өгөхөд чухал дэмжлэг боллоо хэмээн ярилаа. 

Related news