БАЯНХОНГОР: Өнөөдөр дэлхийн "Тамхигүй өдөр"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Дэлхийн Тамхигүй өдрийг ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газарт хандан аминд халтай тамхины тариалалтад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоож, сая сая хүнд хоол тэжээл болохуйц илүү тогтвортой хүнс тариалалтыг дэмжихийг уриалж “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас "Эрсдэлийг бууруулж, эрүүл амьдрахын тулд яг одоо тамхиа хаях" уриалгыг дэвшүүллээ.
Тамхи татах нь уушгины архаг өвчин, хавдар, зүрх судасны өвчин, тархины харвалт, захын судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болдгийг тэд онцолж байна.
Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Одоогийн байдлаар эрт илрүүлгээр илэрсэн хавдрын сэжигтэй тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл ходоод, улаан хоолой, элэг, хөх, бамбай булчирхайн өмөн зонхилон тохиолдож байгаа бөгөөд тамхины нөлөөллөөс үүссэн тохиолдол цөөнгүй байгааг хэлж байна.
Хэрэв та тамхинаас татгалзвал
- Даралт бууруулах эм илүү сайн үйлчилнэ.
- Тамхийг жил татахгүй байхад зүрх судасны өвчний эрсдэл 2 дахин буурдаг.
- Тамхи татахгүй 15 жил болоход зүрх судасны өвчний эрсдэл тамхи татдаггүй хүнийхтэй адилхан болно. Тиймээс эрүүл мэнддээ анхаарах эхний алхам бол тамхинаас холдох гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Хэрэв тамхинаас гарах гэж оролдсон боловч чадаагүй, тамхиа хаяхыг хүсч байвал эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.
Тамхи татах дуршлаа дарах түргэвчилсэн зөвлөгөөг аймгийн ЭМГ-аас хүргүүллээ.
1. Зайлсхий: Аль болох тамхи татах хугацааг хойшлуулах
2.Зөв амьсгал: 10 удаа гүнзгий авч гаргах
3. Зөвхөн ус уу: Ус уух нь амандаа тамхи зууснаас илүү эрүүл хувилбар
4. Зөв зүйл хий: Шүршүүрт ор, ном унш, алх, хөгжим сонс