ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2023-06-02 08:28:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль болон Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 9 оюутныг сонгон суралцуулахаар болжээ.


Тодруулбал, И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан, Москвагийн олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 4 оюутан тус тус суралцуулах аж.


Шалгаруулалтад Монгол Улсын болон ОХУ-ын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа эсвэл ОХУ-ын их дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн, Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа 17-21 хүртэлх насныхан хамрагдах юм.


Шалгалтад оролцох иргэд энэ сарын 31-нээс ирэх сарын 9-ний өдрийн 12.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, зохих баримт бичгүүдийг хавсаргана. Бүртгэлийн асуудлаарх лавлагаа мэдээллийг https://mfa.gov.mn/73980 сайтаас болон Боловсрол, шинжлэх ухааны яамны 70120939, Гадаад харилцааны яамны +51 262516, +51 261832 утсаар авч болох юм.

Related news