Иракт 51 хүн амиа алдаж, 92 хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-06 11:00:42

БАГДАД. /Xinhua/. Өчигдөр Иракийн төв болон өмнөд нутагт машинд суурилуулсан бөмбөг дэлбэлсэн хэд хэдэн халдлагын улмаас 51 хүн амиа алдаж, 92 хүн шархадсан байна. Мөн Анбар мужийн “Лалын улс” бүлэглэлийг эсэргүүцэгч 70 суннит залууг тус бүлэглэлийн босогчид цаазалжээ гэж цагдаагийн газрын эх сурвалж болон суннитуудын удирдагч мэдэгдэв.

Иракийн зүүн нутгийн Дияла мужийн нийслэл Баакуба хотын хойд хэсэгт орших Халис хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны захын машины зогсоолд тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрсний улмаас 37 хүн амиа алдаж, 54 хүн шархадсан гэж тус мужийн цагдаагийн газраас мэдэгджээ.

Үүнээс гадна, Иракийн өмнөд нутгийн Басра мужийн нефтийн төв Басра хотын баруун хэсгийн Зубайр хотын хөл хөдөлгөөн ихтэй зах дахь Халлакиин гудамжны машины зогсоолд машин дэлбэрсний улмаас 11 хүн амиа алдаж, 30 хүн шархадсан байна гэж эх сурвалж мэдэгдэв.

Мөн Багдад хотын зүүн хойд хэсгийн Хусейния дүүрэг рүү тэсрэх бөмбөгтэй машин дайран орж, халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алдаж, найман хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.

Дээрх гурван халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа боловч Иракт гарч буй халдлагыг ихэвчлэн “Лалын улс” бүлэглэлийн босогчид үйлддэг билээ.

“Лалын улс” бүлэглэлийг эсэргүүцэгч Анбар мужийн 70 суннитыг тус бүлэглэлийн босогчид олзолж, цаазаар авсан гэж “Албу Нимер” суннит бүлгийн удирдагч шейх Наим аль-Гаоуд өчигдөр өглөө мөн мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Related news
Comments