ЗАВХАН: Аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг нэр дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-02 14:14:32

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. 


Энэ удаагийн хурал 65 хувийн ирцтэй, цахимаар гурван төлөөлөгч оролцож байна. Хуралдаанаар, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийг Цэрэндоржийн Содномпилийн нэрэмжит болгох тухай хэлэлцэв. 



Ингээд МАН-ын бүлгээс Завхан аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Гомбосүрэнгийн Өнөрбаярыг нийт төлөөлөгчийн 57.5 хувийн саналаар дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

АН-ын бүлэг болон танхимаас өөр нэр дэвшигч байгаагүй тул саналыг илээр хураахад нийт төлөөлөгчдийн 57.5 хувь нь түүнийг дэмжиж санал өгчээ. Мөн Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвийг нэрэмжит болгох асуудлыг бүрэн дэмжсэн байна.


Завхан аймгийн Засаг даргад нэр дэвшиж, төлөөлөгчдийн саналаар дэмжигдсэн, Гомбосүрэнгийн Өнөрбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
2016.09.21-ээс 2023 оны тавдугаар сар хүртэл Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга

Related news