ДУНДГОВЬ: "Эрүүл монгол хүн" өдөрлөгт оролцогчдод зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг таниулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-02 17:08:06
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран 5 дугаар сарын 31-нд “Эрүүл монгол хүн” өдөрлөг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” Үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан тус үйл ажиллагаа нь эрүүл орчинд, эрүүл амьдрахын тулд зөв, зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зан үйлийг ойлгуулан таниулах зорилготой юм.



Өдөрлөгт БОАЖГ, Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын ЭМТ, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Боржигон Мандал болон Өлзийт Мандал өрхийн ЭМТ, Хот тохижилтын газар, спортын холбоо, клубүүд, хог ангилан ялгах “Баялаг” төв, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэд оролцжээ.

Энэ үеэр БОАЖГ, Хот тохижилтын газар, Баялаг төв, ариутгалын төвүүд үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарих, хогийг ангилан ялгах, дахин боловсруулж ашиглах зэрэг мэдээлэл өгч, эрүүл, цэвэр орчинд амьдрах нь иргэн бүрээс хамаардаг тул эрүүл, цэвэр, цэмцгэр хотыг бий болгоход хүн бүрийн үүрэг, оролцоо, хариуцлага чухал гэдгийг уриалсан юм.



Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Мандалговь хүнс” ХХК, “Уудам эко” хүнс болон бусад хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд зөв хооллолт, эрүүл, эко  хоол хүнс, эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнийг танилцуулан сурталчилж, эрүүл баталгаатай хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшихийг уриалжээ. Түүнчлэн иргэд сайн дураараа даралтаа үзүүлж, жингээ хэмжүүлж, эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан юм. 

Мөн энэ үеэр “Алтан өргөө” бүжгийн холбоо, “Говийн наран” бүжгийн клуб, Хос-Од ширээний теннисний клуб, Бадминтоны холбоо, Таеквондогийн холбооны дэргэдэх “Зэв” клуб, “Салхит шувуу” унадаг дугуйн холбоо, “Шонхор фитнес” клуб дасгал, хөдөлгөөн хийхийн ач тусыг таниулж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, иргэдэд зааж сургасан нь өдөрлөгийг илүү сонирхолтой, илүү хөгжөөнтэй болгожээ. 



Related news