ЗАВХАН: Аймгийн ихэнх сум газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байршдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-06 15:40:29

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах "Бэлэн бай" аян идэвхтэй өрнөж байна.

Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах "Бэлэн бай" аяныг зохион байгуулж байгаа.

Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх аяныг явуулж байгаа юм. Газар хөдлөлтийн болзошгүй аюулд бэлэн байх зорилгоор үзүүлэх сургалтууд болон зөвлөмж мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагууд хамтран олон нийтэд танилцуулж байна.


Өнөөдрийн байдлаар “Бэлэн бай” аяныг 60 гаруй байгууллага, 1300 гаруй иргэн дэмжин оролцож, сургалт, нөлөөллийн ажилд хамрагдаж, өөрийн цахим хуудастаа энэ талын мэдээллийг хуваалцжээ.



Газар хөдлөлтийн үед, болон дараа нь учрах хүндрэл бэрхшээлүүд маш их байдаг. Тиймээс бид эдгээр хүндрэл бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд бэлэн байх шаардлагатай юм. Юу бэлэн байх вэ? гэхээр хувь хүн өөрөөсөө эхэлнэ. Айл өрхүүд аюулын үед ашиглах үүргэвчтэй байх хэрэгтэй. Хаана очихоо мэддэг байх хэрэгтэй. Аль цагт хэзээ газар хөдлөхийг мэдэхгүй учраас хүмүүс газар хөдлөлтийн дараа хаана, яаж уулзах уу, гэр бүлүүд хаана уулзах уу гэдгээ урьдчилан ярилцсан байх хэрэгтэй. Газар хөдлөлтийн чичирхийлэл зогссоны дараа цугларах цэгүүдэд очих, очихдоо гүйхгүй, орилж хашгирахгүй. Эргэж буцахгүй байх зарчмуудыг баримталж бүртгэл хийлгэх хэрэгтэй гэх мэт. Хүн бүр дор бүрнээ хичээгээд бэлэн бай аянд нэгдэхийг уриалж байна.


Та гар утсандаа "Бэлэн бай гэсэн QR-ыг уншуулбал газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй цэгийн байршил зэрэг мэдээллүүд гарч ирнэ. Ингээд https://belenbai.mn/ вебсайтаас газар хөдлөлтийн гамшгийн үед болон өмнө, дараа нь авах арга хэмжээний талаар нэг дороос мэдээлэл авах боломжтой юм.

 

Дэлхийд өнөөдрийн байдлаар дөрвөн төрлийн баллын шаталбарыг хэрэглэж байгаа бөгөөд Монгол орны хувьд Зүүн Европын улс орнуудад ашиглагдаж буй шаталбар болох MSK-64 /Medvedev, Sponheuer and kamik/ буюу 12 баллын шаталбарт оруулж газар хөдлөлтийн баллын үнэлгээг өгдөг байна.

Аливаа улс оронд тохиолдож болох, мөн тохиолдож байсан байгалийн гамшигт үзэгдлүүдээс хаана, хэзээ болох нь тогтоогдоогүй ахар богино хугацаанд хүн төрөлхтөнд ноцтой аюул гамшиг учруулдаг үзэгдэл бол газар хөдлөлт байдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.


Завхан аймгийн хувьд газар хөдлөлийн 7-оос дээш баллын бүсэд аймгийн бүх сум суурьшиж байна. Завхан аймгийн 22 сумын 2 сум нь 7 баллын бүсэд, 9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум 9 баллын бүсэд хамаарагдаж байна.



/Завхан аймгийн хот суурин газруудын газар хөдлөлтийн дэвсгэр баллыг дараах хүснэгтэд заасан байдлаар тооцож болно/

Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол гамшгийг тогтоох биш гамшгийн эрсдэлийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт хэдэн баллын хүчтэй, хаана болохыг тооцоолохоос илүү газар хөдлөлтийн гамшгийн үед хүний амь насыг аврах, иргэн биеэ хэрхэн хамгаалах зэрэг гамшгаас үүдсэн эрсдэлийг тооцоолдог. Тиймээс газар хөдлөлтийн болзошгүй гамшигт иргэн бүрийг бэлэн байхыг уриалж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Related news