ОРХОН: Ахлах ангийн сурагчид “Хариуцлагатай сонгогч” сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-09 11:23:24
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА олон улсын байгууллага хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ахлах ангийн сурагчдад зориулан “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгууллаа. Сургалтын зорилго нь УИХ болон орон нутгийн сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог нь залуучууд байдаг учраас залуучуудад Сонгуулийн тухай хууль, журмыг танилцуулах, сонгуульдаа идэвхтэй оролцсоноор нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж болох талаар мэдээлэл өгч байна.

Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш нар зааж байгаа бөгөөд Орхон аймагт гурав дахь сургалтаа зохион байгууллаа. Нэг удаагийн сургалтад ерөнхий боловсрлын сургуулийн ахлах ангийн 25 сурагч хамрагдаж байна.

Тэд багаар ажиллан улс төрийн намд хуваагдан нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, сонгуулийн санал хураалтаас дуусах хүртэлх бүх үйл явцыг жишээ байдлаар зохион байгуулж байна. Ирээдүйн сонгогчдод мэдлэг өгөх зорилготой тус сургалт  “Оролцъя, төлөөлье”  уриатай юм.

Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг ч тэдгээрийн 30 гаруй нь л сонгуульдаа идэвхтэй оролцдог байна. Иймд залуусын сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх сургалтыг 21 аймагт хэрэгжүүлж байна.

Сургалтад хамрагдсан сурагчид хэлэхдээ, “Бид энэ сургалтад хамрагдсанаар сонгуульд нэр дэвшигчийг үнэлэх, судлах, мөрийн хөтөлбөртэй нь танилцах, нэр дэвшигчдийг хооронд нь харьцуулж байж сонголтоо хийх ёстойг ойлгосон. Мөн нэр дэвшигчтэй уулзаж, мэдээлэл авах нь сонголтоо хийхэд чухал нөлөөтэй гэдгийг мэдэж авсан” гэлээ.

 

Related news