ОРХОН: Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалахын тулд суу, нуугд, хүлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-09 11:49:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Суу, нуугд, хүлээ. Энэ бол газар хөдлөх үед иргэдийн өөрийгөө хамгаалах хамгийн эхний дүрэм. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдэх үед шууд сууж хоёр гараараа толгойгоо хамгаалан явган суух ёстой. Хэрэв босоо байдалтайгаар удаан зогсвол газар хүчтэй хөдлөх үед унаж бэртэх магадлалтай юм. Иймээс эхний дүрэм суух.

Хоёрдугаарт, өөрийгөө хамгаалж болох газрыг хайж хурдан нуугдана. Таны толгой, биеийг хүнд эд зүйлс, тавилга дарахаас болгоомжилж даацын хана, ширээн доогуур орж нуугдана.

Гуравдугаарт, газар хөдлөлтийн чичирхийлэл зогсох эсвэл багасах үе хүртэл нь хүлээж байгаад аюултай байшин, барилгаас хурдан гарна. Ийм гурван дүрмийг иргэн бүр мэдэж байх ёстой. Энэ мэдээллийг ОБГ, Улаан Загалмайн нийгэмлэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтаар дамжуулан өгдөг.

Иргэдийн гамшгийн тухай мэдлэг, ойлголтыг дүгнэх, судлах, дадал, хэвшлийг бий болгох зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран улс даяар “Команд штаб”-ын сургуулийг зохион байгуулсан. Үүний хүрээнд гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиог  энэ сарын 8-ны 16.00 цагт дуугаргахад Орхон аймагт 32700 хүн аюулгүйн талбайд цугларсан байна.

 

Related news