БАЯНХОНГОР: Тамирчдын өрсөлдөөн ид өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-20 13:16:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын VII их наадмын спортын төрлүүд тус тусын зааланд эхэлж, тамирчид ид өрсөлдөж байна.


ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНД 278 ТАМИРЧИН ӨРСӨЛДӨНӨ


Монголын Хүүхдийн спортын Vll их наадмын Чөлөөт бөхийн төрөл зургаадугаар сарын 20-22-ны өдрүүдэд Номундалай сургуулийн зааланд болно. Тус төрөлд 18 аймаг, есөн дүүргийн 278 тамирчин өрсөлдөж байна.


Өнөөдөр хөвгүүдийн 45, 51, 60, 71, 92 охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингүүд аваргуудаа тодруулах юм. Чөлөөт бөхийн төрөлд хамгийн олон тамирчинтай Төв аймаг 18, Баянзүрх дүүрэг 19 тамирчинтай өрсөлдөж байгаа аж.


Тус тэмцээнд өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Киргиз улсад болсон 17 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Занданбат, өнгөрсөн жилийн 17 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт Төв аймгийн тамирчин Ү.Мөнхчимэг тэргүүтэй тамирчид өрсөлдөж байна.


ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ӨРСӨЛДӨӨН ЭХЭЛЛЭЭ


Монголын Хүүхдийн спортын VII наадмын шатрын төрөлд 21 аймаг, 9 дүүргийн хөвгүүд, охидын ангилалд тус бүр 27 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Тэмцээн швейцар системээр 7 өрөг өрсөлдөх бөгөөд нөгөөдөр дүнгээ гаргана.


Шатрын төрөлд 12 хүртэлх насны тамирчид оролцож байгаагаас хамгийн бяцхан тамирчин нь 9 настай.


ТАЕКВОНДОГИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ


Их наадмын таеквондогийн төрөл “Эрдэм” сургуулийн спорт зааланд өнөөдөр эхэллээ. 


Долоон жингийн 120 гаруй тамирчин хөвгүүдийн 48кг, -55кг, -73кг, +73кг  охидын -49кг, -55кг, 63кг өрсөлдөнө. Тэмцээнийг олон улсын шүүгч 6, улсын шүүгч 12 дэнслэх юм. 


Мөн тус тэмцээнд Испанийн алдарт “Daedoo” брэндийн электрон онооны системийг ашиглаж буй нь онцлог байлаа.


ДААМЧИД ШВЕЙЦАР СИСТЕМЭЭР ДОЛООН ӨРӨГ ТОГЛОНО


Монголын Хүүхдийн спортын VII наадмын даамын төрөлд 21 аймаг, 9 дүүргийн 44 тамирчин (эрэгтэй 21, эмэгтэй 23) оролцож байгаа бөгөөд нийт долоон өрөг тоглоно.


Тэмцээнийг нээж Монголын даамын холбооны ерөнхийлөгч Д.Эрдэнэбилэг үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУИМ Ц.Сүхбат, Дэлхийн даамын холбооны шүүгч спортын мастер Д.Чойжилсүрэн, спортын I зэргийн тамирчин Э.Хулан, Баянхонгор аймгийн даамны холбооны тэргүүн, спортын дэд мастер Д.Түмэнжаргал, Баянхонгор аймгийн даамын холбооны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн, Баянхонгор аймгийн даамын холбооны багш Ч.Дашпэлжээ нар ажиллаж байгаа юм.


Энэ тэмцээний зохион байгуулагчаар Монголын болон аймгийн даамын холбоо, аймгийн БТСГ, Нийтийн номын сан ажиллаж байна.

Related news