АРХАНГАЙ: Баяр наадмын нээлтийн тоглолтод түүх, ёс заншлыг харуулжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-07-27 18:04:43

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. 



Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид наадмыг нээж, түүхэн 100 жилийн ойн наадамд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, наадамчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлэв.

 

Тэрбээр “Нэг зуунд нэг л тохиох Архангайчууд бидний хүсэн хүлээсэн, өндөр их хувь тохиолын илэрхийлэл, бид бүхний нэгэн зууны бахархал Цэцэрлэг мандал уулын аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.


Эртний төрт улсууд болох Хүннү, Уйгар, Түрэгийн хаант улсуудын бууриа зассан өлгий нутаг, Халхын анхны дөрвөн аймгийн нэг Сайн ноён хан аймгийг Ардын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний хурлын 39 дүгээр тогтоолоор Цэцэрлэг мандал уулын аймаг болгон 10 гэр 3610 хүн амтай, баг 722, сум 250, хошуу 26-тайгаар байгуулснаас хойш буурал түүхийн нэгэн зуун улиран өнгөрчээ.


Энэхүү түүхэн хөгжлийн хугацаанд БНМАУ-ын Бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор Цэцэрлэг мандал уулын аймгаас зарим сум, хошуудыг салган Өвөрхангай, Баянхонгор, Булган аймгуудыг шинээр зохион байгуулснаар 1930 оны эцсээр 71 сум, 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал уулын аймгийг 35 сумтай Архангай аймаг болгон шинээр зохион байгуулж, байгуулсан түүхтэй. 1931 оны 12 дугаар сарын тоо бүртгэлийн мэдээгээр Архангай аймаг нь 35 сум, 22285 өрх, 65333 хүн амтай, 1800000 толгой малтай байлаа.


Энэ цаг үеэс өдгөө хүртэлх хугацаанд Архангай аймаг 19 сум, 101 баг, 28219 өрх, 95253 хүн амтай болж, өрхийн тоо 5934 буюу 26,6 хувиар, хүн амын тоо 29920 буюу 45,8 хувиар тус тус өсжээ.


Арын Хангай нутгийн оюунлаг, ажилсаг, хөдөлмөрч зон олон та бидний ололт амжилт, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр, Засгийн газраас өндрөөр үнэлж, Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар 2 удаа шалгаруулж, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаснаар та бидний төрөлх аймаг маань Монгол Улсын одонтой аймгуудын эгнээнд итгэл төгс алхан орсон билээ. Энэ үйл явдал бол Архангай аймгийн алдар хүнд, үнэ цэнэ, нэр төр, бахдам түүхийн  илэрхийлэл юм” хэмээв.

Аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн бүрэн хэмжээний тоглолтыг найруулагч, жүжигчин Бат-Өлзийн Тамир баг хамт олныхоо хамт найруулж, бэлтгэсэн юм.

Тоглолтод 900 орчим хүн оролцож, тус аймгийн онцлог, түүх, ёс заншлаас харуулж, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг холбон уяж, сурталчлан зохиомжилжээ.


Тухайлбал, эртний төрт улс болох Хүннү болон Чингис хааны дайлаар мордож улс үндэснийг нэгтгэж буй тухай, Заяын гэгээнийг тодруулж буй түүхийг, эрийн гурван наадам, монгол ахуй зэргийг зохиомжилж үзүүлэхээс гадна уран нугараачдын үзүүлбэр, тус нутгаас төрөн гарсан уран бүтээлчид болон аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцож, Архангайн тухай шинэ дуунуудыг дуулж олныг баясгалаа.










Нээлтийн тоглолтын төгсгөлд Архангайн гаралтай хүчит бөхчүүд тэр дундаа “Алтан цом”-ын эзэд, үндэсний сурын харваачид, уяачид, шагайн харваачид болон 19 сумын өв тээгчид цэнгэлдэх хүрээлэнг тойрон наадамчин олонтой мэндчиллээ.