Найзынхаа зөвлөснөөр Монгол оронд аялж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-06 14:04:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам-2023”-ыг үзэж сонирхож буй, Бүгд найрамдах Чех улсын иргэн Едкагаас сэтгэгдлийг нь сонирхлоо.


-Монголд хэзээ ирсэн бэ? Манай орныг сонирхож ирэх болсон тухайгаа ярихгүй юу?

-Танай сайхан оронд хоёр долоо хоногийн өмнө ирсэн. Би Чех улсад амьдардаг монгол найзтай. Монгол найз маань эх орондоо аялахыг зөвлөсөн юм. Энд ирсэндээ харамсахгүй байна. Үнэхээр сайхан газар юм.


-Хоёр долоо хоногийн хугацаанд хаагуур аялснаа сонирхуулж болох уу?

-Хөдөө орон нутгийн олон газраар явлаа. Монголын хамгийн том Хөвсгөл нуур, бас Хар нуурт очсон. Бороо хур элбэг байгаа учир эрсдэлтэй гээд, үзэхээр төлөвлөсөн зарим газраа очиж чадаагүй буцсан. Их борооны улмаас төлөвлөгөөгөө бага зэрэг өөрчилсөн.


-Найзуудтайгаа аялж явна уу?

-Тийм ээ, бид найзуудаараа аялж яваа. Манай хоёр найз тэнд бэлэг дурсгалын зүйлс худалдаж авч байна.


-Та бас сонголт хийх гэж байх шиг байна, тийм үү?

-Өөр газар оронд ирсэн юм чинь ямар нэг юм худалдаж авах гээд л. Гар хийцийн олон гоё зүйл байна. Бүгд л таалагдах юм. Монгол наадгайн нэг болох уут шагай сонирхоод, дөрвөн уутыг авбал хямдруулах уу гээд л зогсож байлаа.


-Даншиг наадмын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын шашин, соёлын баяр гэж ойлгосон. Би шашин шүтдэггүй л дээ. Найзуудтайгаа өглөө ирж, “Даншиг наадам-Хүрээ цам-“ын нээлтийг үзсэн. Бидэнд маш их таалагдсан, гоё байлаа. Бас монгол дуучид, бүжигчдийн концерт үзсэн. Монгол хоол амттай юм. Наадам болж байгаа газрын эргэн тойронд явж, янз бүрийн зүйл сонирхлоо, бүгд л сонин сайхан санагдаж байна даа. 

Related news