БАЯН-ӨЛГИЙ: Алба хааж байсан ангидаа цасны мотоцикл бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-09 08:59:29

Өлгий /МОНЦАМЭ/. Бэлтгэл ахлах алхагч М.Баатарбек өмнө нь өөрийнхөө ажиллаж байсан хилийн цэргийн 0165 дугаар ангид квадроцикл болон цасны мотоцикл бэлэглэлээ.


Түүний хувьд хилийн 0165 дугаар ангид жолоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Тэтгэвэрт гарсны дараа анх ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан “Арал толгой” хэмээх газрын нэрээр нэрлэсэн аялал жуулчлалын компанийг үүсгэн байгуулж ажиллаж байгаа аж.


Тэрбээр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн 0165 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан өөрийн ангидаа цас, газраар явагч Yamaha маркийн дөрвөн дугуйт квадроцикл болон Polaris маркийн цасны мотоциклыг хил хамгаалалтад дэмжлэг болгон гардуулан өгөв.


Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн хариуцсан хэсэгт өвөл цас их унаж, 150-180 см цасан бүрхүүл тогтдог. Мөн даваа гүвээ хаагдаж, хилчид өвлийн улиралд үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй газар олонтой.


Бэлтгэл ахлах ахлагч М.Баатарбек нь хилчдийн  ажил амьдрал, орон нутгийн онцлогийг сайн мэддэг тул ийнхүү хувиасаа хандив өргөж, хил хамгаалалтад чухал шаардлагатай зүйлсээр бэлэг барьсан ажээ. 

Related news