i24news: Монголд хийж буй Папын түүхэн айлчлал ба Хятадад өгсөн “эв нэгдэл, энхтайвны” илгээлт

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-02 13:39:36

ТЕЛЬ-АВИВ. /www.i24news.tv/. Монголд хийж буй айлчлалынхаа үеэр Пап Францис тус улстай хөрш зэргэлдээ Хятадад хандан харилцаагаа сайжруулах зорилгоор “эв нэгдэл, энхтайвны” утга агуулгатай илгээлт өгөхийг зорьж байна.


Тэрбээр баасан гаргаас эхлэн Монголд түүхэн айлчлал хийж байгаа бөгөөд Азийн энэ улсад анх удаагаа зочилж буй нь энэ юм.


86 настай тэргүүн хамбын айлчлал нь Монгол дахь ойролцоогоор 1400 католик шашинтнаас бүрдэх цомхон нийгэмлэгт үзүүлж буй дэмжлэгийн илрэл төдийгүй Хятад, Орос хоёртой харилцаагаа бэхжүүлэх гэсэн стратегийн алхам болой.  


Ром хотоос 9 цагийн турш ниссээр Монголд ирсэн тэрбээр хэлэхдээ “Монгол бол зөвхөн мэдрэмжээрээ ойлгож болох тийм газар орон юм” гэжээ. Нислэгийн үеэр түүнээс дипломат бодлогын талаар асуухад тэрбээр хошигнон хариулахдаа “заримдаа хошин шогийн мэдрэмжтэй байх нь зүйтэй шүү” гэв.


Пап Францис Хятад улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрөхдөө Ерөнхийлөгч Ши Жиньпинд цахилгаан утас илгээж, “сайн сайхныг хүсэн ерөөсний” зэрэгцээ тус улсын хөгжил цэцэглэлтийн төлөө залбирал үйлджээ. Хятад, Ватикан хоёр өнөөг хүртэл дипломат харилцаа тогтоогоогүй байгаа юм.  


Папын мэндчилгээний хариуд Хятадын тал “Ватикантай харилцан илтгэлцлийг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа” илэрхийллээ. Хятад улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин мэдэгдэхдээ “Ватиканы зүгээс ерөөл залбирал үйлдсэн нь эв найрамдал, сайн санааны илрэл бөгөөд Хятад улс үр дүнтэй яриа хэлцлийг үргэлжлүүлж, харилцан ойлголцлыг бэхжүүлэн хоёр талын хоорондын харилцааг дэмжин урагшлуулахад бэлэн байна” гэж онцлон тэмдэглэлээ.  

Эх сурвалж: Pope Francis Makes Historic Visit To Mongolia, Sends Message To China - I24NEWS

Related news