Үндэсний номын баяр дөрвөн өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-09-15 12:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Илүү их уншъя” уриан дор 34 дэх удаагийн Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжилдэг номын баярыг энэ удаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтээр нэг өдрөөр сунгаж буйгаараа онцлогтой.  


Номын баярын өдрүүдэд дуу чимээ багатай байлгаж уншигчдад ном үзэж сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэхээр “Номын нээлтийн”, “Ногоон зүлэгний” гэх хоёр жижиг тайзнаа сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэхээр бэлтгэжээ.   

Баярт оролцогчдын 80 хувь нь 15-20 насны хүүхэд залуус байдаг учраас энэ жилийн онцлог үйл ажиллагаанууд үүн дээр тулгуурлаж өрнөх нь. Тухайлбал, “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт” гаргасан бөгөөд энэ хүрээнд парад, үзэсгэлэн болно. Мөн захын дүүргийн сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт оролцуулах юм.


Энэ удаагийн баярыг зорин ирж буй гадны зохиолчид өөрсдийн хөтөлбөртэй оролцож байна.

Тухайлбал, ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, Оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, хүүхдийн зохиолч, яруу найрагч Анастасия Игоревна Строкина, яруу найрагч Игорь Сид, Халимагийн түүхч, нийгмийн зүтгэлтэн, зохиолч Басан Захаров, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Хятадын зохиолч Хань Зин Хүй, Өмнөд Монголын зохиолч Сономцэрэн болон Жэймс Жойсын нэрэмжит олон улсын, Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын “Courrier international” шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлт, уншигчдын уулзалт, тусгай лекцүүдээ уншихаар болжээ.


Хэвлэн нийтлэгчид Олон улсын номын зах зээлд номоо гаргасан өөрсдийн туршлагаас эхлээд орчин үеийн номын тухай подкастууд шинэ номын нээлт, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг зохион байгуулж, үйл ажиллагаа нь хоёр тайзан дээр зэрэг явагдах юм.


Өнгөрсөн хаврын 33 дахь удаагийн номын баяраар “Номын соёлт ертөнц” ТББ, НЗДТГ санаачлан номын тэтгэлэг олгох, нийтлэгчдээ дэмжих 3 сая төгрөгийн шагналын сан бүхий “Номын грант” бий болгосон. Анхны тэтгэлгийг герман хэлний орчуулагч, зохиогч А.Цэрэнчулуун Улаанбаатар хотын түүх, соёл, хотын аяллын сэдвээр бичсэн номуудаараа хүртсэн юм.


Номын баяр бол зөвхөн ном худалдан авах, түгээх ажил биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй оролцогч нэмэгдсэн байна. Номын баярыг дунджаар 240 мянган хүн зорин ирдэг бөгөөд МОНЦАМЭ агентлаг албан ёсны хэвлэлийн түншээр ажиллаж, олон улсад англи, орос, хятад, япон болон үндэсний монгол бичгээр тус тус мэдээ, мэдээлэл түгээдэг.


34 дэх удаагийн Номын баярын зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц” ТББ,  хамтран зохион байгуулагчаар УИХ-ын даргын Ажлын алба, Соёлын яам, НЗДТГ,  Мэдээллийн түншээр МОНЦАМЭ агентлаг, “Mplus” дэмжигчээр “Ёкозунанет” ХХК, Surprise shop, “Хагаан” хэвлэлийн газар ажиллаж байна.


Номын баяр төв талбайд энэ сарын 15-18-нд 9.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ.





Related news