ДОРНОГОВЬ: Газрын тосны чиглэлээр сурах таван оюутны сургалтын төлбөрийг 100 хувь даана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-25 11:51:28

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг болон “Үлэмж түвшин партнерс” ХХК хамтран аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа консалтингийн үйлчилгээ үзүүлэх, дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын зуучлалын үйлчилгээг үзүүлэх зорилготой “Гүүр” төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Дашваанжил” ХХК Бүгд Найрамдах Энэтхэг Улсад газрын тосны мэргэжлийн чиглэлээр суралцах Дорноговь аймгийн таван оюутанд 100 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.


Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд чиглэлд Алтанширээ сумын нутагт манай улсад нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл одоогоос таван жилийн өмнө цаасан дээрээс бодит ажил руу хэрэгжиж эхэлсэн байдаг.


Үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Эхний багц ажил технологийн бус барилга байгууламж (EPC 01)-ийн барилга угсралтын ажил буюу ган хоолойгоор цэвэр усны нөөц татах, үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг барилга байгууламжууд баригдаж байгаа юм.


Харин EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина. Гадаадын их, дээд сургуульд сурахаар сургалтын төлбөрөө 100 хувь даалгасан оюутнууд эх орондоо буцаж ирээд мэргэжлээрээ ажиллах үүрэг хүлээх юм.

Related news