ХЭНТИЙ: Ууган сургуулийн түүхэн ойдоо 6000 гаруй төгсөгч ирж оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-26 17:20:10

Чингис /МОНЦАМЭ/. Тэртээ 1923 оны дөрөвдүгээр сарын 22-нд Өндөрхааны энгэрт эрдмийн цагаан өргөө үүдээ нээснээс хойш 100 намрыг угтаж байна. Улсын анхны 13 сургуулийн нэг болж, боловсролын галыг асаалцсанаас хойш 100 дахь хичээлийн жилтэйгээ золгож байгаа Хан Хэнтий уулын аймгийн ууган Нэгдүгээр сургуулийн захирал Г.Өнөртуяатай ойн баярынх нь үеэр уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө танд болон танай хамт олонд түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаар дамжуулан Монголын, дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын Алтан гадас одонт лаборатори Нэгдүгээр сургуулийн үе үеийн төгсөгчид, ажиллаж байсан эрдэмтэн багш нар, ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, ойдоо зорин ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ 100 жилийн ойн мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


-Зуун жилийн зузаан түүхээсээ цухасхан хуваалцвал?

-Манай хамт олон 100 жилийн ойдоо зориулж, “Төгсөгчдийн цэнхэр ном”, “Ууган сургуулийн түүхэн замнал” гэсэн хоёр номыг бүтээн туурвисан. Мэдээж зуун жилийн зузаан түүхийг хүүрнэвэл дуусашгүй. Анх Хан хэнтийн уулын аймгийн танхимын бага сургууль нэртэйгээр үүсэж хөгжин, Бэлтгэл дунд сургууль, Долоон жилийн бүрэн бус дунд сургууль, 10 жилийн бүрэн дунд сургуульҮйлдвэрлэлийн сургалттай хөдөлмөр политехникийн 10 жилийн бүрэн дунд сургууль, Хэрлэн нэгдүгээр дунд сургууль, Хэнтий аймгийн үндэсний лаборатори Нэгдүгээр сургууль болон өргөжиж, өнөөдөр 100 жилийн ойтойгоо золгож байна.


-Сургууль хамт олны амжилтын буухиа ч арвин байгаа даа?

-Түүх сөхвөл, 1950-1951 оны хичээлийн жилд цэргийн ангийн хуучин хөгжим авч, үлээвэр хөгжмийн хамтлагтай болсон байдаг. Ийнхүү одоогоос 73 жилийн өмнө Хэнтий аймгийн Нэгдүгээр сургуулийн үлээвэр хөгжмийн хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй. Сургуулийн 100 жилийн түүхэнд урлаг, соёлын олон арван амжилтаар түүчээлж, үлээвэр хөгжмийн “Мөнгөн бүрээ”, үндэсний хөгжмийн “Хэрлэнгийн уянга”, орчин үеийн бүжгийн “Хараацай”,”Стилл”, “Хас Дэлбээ”, Зөвлөлтийн дуу дуулаачдын “Дэлбээ”, ардын язгуур урлагийн “Солонго”, бүжгийн “Хувьсал”, эстрад дууны “Өсөх нахиа” зэрэг хамтлагууд байгуулагдаж, сурагчид маань аймаг, бүс, үндэсний хэмжээнд нутгийнхаа нэрийг өндөрт өргөж байлаа. Ер нь сүүлийн 30-аад жилд аймгийн урлагийн "Яргуй" наадам, улс, бүсийн уралдаан тэмцээнүүдээс олон арван шилдгүүд, авьяастнууд тодорч, 2008, 2013 онд сургуулийн ойд зориулсан урлагийн тоглолтыг Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулж байсан.


Хэрлэн нэгдүгээр сургууль нь 2008 онд улсын тэргүүний  сургууль, 2009 онд дугуйлан секцийн үйл ажиллагаагаар улсдаа тэргүүлсэн, 2010 онд улсын биеийн тамир, спортын хүндэт өргөмжлөлийн эзэд болж амжилтаа арвитгасан. Биеийн тамирын секцийн хамт олон бүх төрөлд амжилт гаргаж, сүүлийн 10 жилийн байдлаар улсын дэвжээнээс 11 төрлөөс 600 гаруй медаль хүртэж, хүүхдийн спортын IV, V VI их наадмын шилдэг сургуулиар шалгарч, жудо бөхийн багш Г.Эрдэнэбилэгийн бэлтгэсэн шавь Ганхайч Ази тивийн өсвөрийн аварга, шатрын спортын тамирчин Батсувд Ази тивийн өсвөрийн дэд аварга, Даамын спортын тамирчин Маргад Ази тивийн дэд аварга, багш Төрбатын бэлтгэсэн хөнгөн атлетикийн тамирчин Оюундарь Зүүн азийн дэд аваргаар шалгарч бахдам амжилтыг гаргалаа. Монгол хэлний багш М.Сарнай 2019 оны “Тээгч,түгээгч” улсын уралдаанд 9б ангийг бэлтгэн оролцожТэргүүн байр эзэлсэн.


Мөн 2004-2019 онд улсын төрөлжсөн олимпиадад аймагтаа нийт 14 удаа, ЭЕШ-ын дүнгээр аймагтаа 12 удаа тэргүүлж, улсад 12 хичээлийн төрлөөр багш, сурагч нар медаль хүртэж, 2006-2022 оны хооронд ЭЕШ-ын дүнгээр 61 сурагч 800 оноотой шалгуулсан байна.


Түүнчлэн амжилт бүтээл ундарсан тэргүүний баг хамт олныг бүрдүүлж чадсан Х.Алтанцэцэг захирлын туршлага, ололт үндэсний хэмжээнд манлайлж, 2008 онд “Улсын оны тэргүүний сургууль”-иар шалгарч, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас “Батламж” гардсан гээд амжилтын буухиа дуусашгүй. Хан Хэнтийн ууган сургуулийн монгол үндэстний боловсролд  оруулсан олон арван жилийн манлайлал, хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал  Алтан гадас одонгоор шагнасан нь 100 жилийн түүхтэй төрөлх сургуулийн үе үеийн удирдлага, сурган хүмүүжүүлэгчид,ажилчид, эцэг эхчүүд, төгсөгчдийн алдар гавьяа мөн билээ.


-Сургуульд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудыг нэрлэвэл?

-Мэдээлэл харилцааны технологийг Монголын боловсролд нэвтрүүлэх нь ИРЭМ төслийн хүрээнд зургаан настай сурагчдын туршилтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь дараагийн боловсролын салбарт гарсан өөрчлөлт шинэчлэлтийг амжилттай туршин хэрэгжүүлэх дэвсгэр суурь болсон. Түүнчлэн 2005-2010 онд Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 77750 ам.долларын санхүүжилтээр сургуулийн өргөтгөл барьж, сургуулийн цайны газрын асуудал шийдэгдэж, Канад сангийн 12 сая төгрөгийн санхүүжилтээр Албан бус боловсролын төвийг тохижуулан, сургууль завсардсан 87 сурагчид боловсрол эзэмшүүлэн, дотуур байрны иж бүрэн засварыг хийж, суралцагчдын сурах орчны тав тухыг сайжруулан ажилласан.


-Үндэсний лаборатори сургууль болон өргөжиж хөгжих үндэс хэзээнээс эхэлсэн бэ?

-2011 онд БСШУ-ы сайдын 341 тоот тушаалаар “Бага, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг турших” сургуулиар сонгогдон Үндэсний лаборатори I сургууль болон өргөжсөн. 2013 оноос эхэлсэн “Бага, суурь боловсролын цөм хөтөлбөр”-ийг турших, хэрэгжүүлэх ажлыг судлагдахуун тус бүрээр хийж, улмаар аймгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан. БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн “Хүүхэд бүрд би чадна гэсэн итгэл өгье” гэсэн уриан доор массын сургалтын чанар өгөөж, хичээлийн арга зүй технологийг сайжруулах ажлыг Лаборатори сургуулийн хувьд манлайлан  хэрэгжүүлж,  “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” гэсэн гурван том хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулан ажилласан.

Мөн 11 жилийн сургалтын хөтөлбөрийн туршилт, 12 жилийн сургалтын хөтөлбөрийн туршилт, Кембриджийн туршилтын хөтөлбөр, Лаборатори сургуулийн үндэсний хөтөлбөр, Хүүхэд бүрийг хөгжүүлэх түшиц сургуулийн хөтөлбөр үндэсний хэмжээний таван том хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлснээр багш, сурагчийн хөгжилд бодитой ахиц гарсан он жилүүд байлаа. 2016 онд 925 хүүхдийн суудалтай хичээлийн хоёрдугаар байр ашиглалтад орж, сургалтын үйл ажиллагаагаа хоёр байранд явуулах болсноор анги танхимын хүрэлцээ хангамж сайжирлаа.


-Сургуулийн үйл ажиллагааны хамгийн гол хэсэг нь багш удирдлагуудаас гадна ажилтан албан хаагчид байдаг шүү дээ.

-Үнэхээр санал нэг байна. Сургуулийн ажлын найдвартай ар тал болж, боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, хамт олны оршин тогтнохын үндэс сургуулийн үйлчилгээний ажилчид, захиргаа аж ахуйн нэгдлийн үйл ажиллагаа байдаг. 1970-2023 он хүртэлх хугацаанд 360 гаруй ажиллагсад ажилласнаас сургуульдаа  25-аас дээш он удаан жил тасралтгүй хөдөлмөр зүтгэлээ зориулан, үр бүтээлээ ажилласан Тогооч Т.Дэчин, жижүүр Ө.Гомбо, Д.Жагдагсүрэн, Г.Намжилсүрэн, мужаан А.Дашдэндэв, лаборант Б.Лхамсүрэн, эмч Ц.Цэрэн, Ц.Оюунцэцэг,  аж ахуй Ц.Шаравдорж, нягтлан Ш.Цэрэндэжид, галч үйлчлэгч Тогтох, Загд, үйлчлэгч Д.Уламбаяр, нярав З.Мөрнаа, үйлчлэгч Х.Эрдэнэцэцэг, жижүүр үйлчлэгч Алтанцог, Л.Энхцэцэг, номын санч Ж.Алтанцэцэг нартаа үе үеийн багш, сурагчид маань талархан явдаг юм.


-Зуун жилийн ойн баяраа сайхан тэмдэглээрэй. Танай хамт олонд амжилт хүсье.

-Баярлалаа. Цаг цагийн түүхэнд боловсролын салбарт манлайлан ажилласаар, тэртээ 1923 онд чандманьлан буусан гурван бор эсгий гэртэй 25 хүүхэд, нэг багштайгаар ард түмний бичиг үсгийн тайлагдалт боловсролын түвшнийг ахиулах, соён гэгээрүүлэх ажлын суурийг тавьж, сурган хүмүүжүүлэх ажлаа эхлүүлж байсан бол эдүгээ хичээлийн хоёр байртай, 2780 хүүхэдтэй, 100 гаруй багш, 60-аад ажилчинтай БШУЯ-ны түшиц сургууль болон өргөжин тэлжээ.

Ийнхүү 2023 онд 100 жилийн ойн босгон дээрээ XXI зууны оюуны сэтгэлгээний чиг хандлагыг хөгжүүлэхүйц шинэ тохилог орчин, сургалтын бүхий л үйл ажиллагааны стандартыг хангасан 19,6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 1500 хүүхдийн суудалтай  хичээлийн шинэ байраа хүлээн авч, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд ойн баяртаа зорин ирсэн үе үеийн 6000 гаруй төгсөгчдөдөө, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчдадаа баярлалаа. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


 

Related news