ДОРНОГОВЬ: Асрахуйн чиглэлээр хөдөлмөрийн яармаг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-27 10:05:56

Сайншанд /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль Японы Шизүока мужтай хамтран асаргааны ажилтны хөдөлмөрийн яармагийг энэ сарын 22-нд Сайншанд хотод зохион байгууллаа.


Хөдөлмөрийн яармагт Дорноговийн Анагаахын сургуулийн багш, оюутнуудаас гадна Японы асрахуйн сувилахуйн таван компанийн төлөөлөгчид мэдээллээ танилцуулсан байна.


Япон Улс нь асрахуй, сувилахуйн чиглэлээр өндөр түвшинд мэргэжилтэн бэлтгэж сувилахуйн тусламж үйлчилгээний чанар стандартыг жинхэнэ утгаар нь үзүүлж чаддаг аж.


Мөн тус сургууль 2023 оны долоодугаар сард Шизүока мужтай асрахуй, сувилахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, цаашид уг салбарт сурах, ажиллах, туршлага солилцох, ажилтан зуучлах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Хөдөлмөрийн яармагийн үеэр асаргааны байгууллагын төлөөлөгчид Японд асаргааны чиглэлээр ажиллах боломж нөхцөлийн талаар танилцуулж,  ажлын шууд ярилцлага хийсэн байна. 


Ташрамд дурдахад, Дорноговь аймаг, Япон Улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагаа 2011 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт мэргэжилтэн солилцох, сурагч солилцооны хөтөлбөр зэрэг олон ажлыг хэрэгжүүлж ирсэн байна.

Related news