ТӨВ: Э.Төрмөнх: Ирээдүйд хэн болохоо хүүхдүүд өөрсдөө шийдмээр байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийнхний өнгө төрх, амьдралын хэв маягтай танилцахаар Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12е бүлгийн сурагч Энхтөрийн Төрмөнхтэй ярилцлаа.
Төв аймгийн Зуунмод хотод 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Энхтөрийн гэр бүлийн ууган хүү болон төрсөн. Аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг.
-Өсвөр
насны хүүгийн амьдралын хэв маяг ямар байдаг талаар хуваалцвал?
-Ер нь бүх өсвөр насны хүүхдүүдийн хувьд амьдралын өөр өөр хэв маягтай байдаг. Миний хувьд өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлэхийг зорьж завгүй байлгахыг хичээдэг.
-Ямар
байдлаар өөрийгөө хөгжүүлж завгүй байдаг вэ? Завгүй байснаар амьдралд тань
тохиолдож буй эерэг болон сөрөг зүйлсийг хуваалцвал?
-Олон нийтийг хамарсан дугуйлан секцүүдэд хамрагдаж маш олон зүйлсийг сурч байгаа. Урьд өмнө нь бодож байгаагүй ч одоо бодоход миний хувьд эерэг зүйл их олон юм байна. Өөртөө итгэлтэй болсон, хүмүүсийн өмнө нээлттэй байж сурч байгаа, өөрийгөө шаардаж, эхлүүлсэн зүйлсээ дуусгах чадвартай болж байна. Цаашлаад бие бялдар, сэтгэлзүйн хувьд эрүүл чийрэг байдлаа хадгалж байгаа гэж үзэж байна. Бас дуу коверлох сонирхолтой учраас бүтээлч сэтгэхүй сайн хөгжиж байгаа гэж боддог. Харин завгүй амьдралын хэв маягтай байснаар зарим үед хооллох, амрах цагаа буруу зохицуулах гээд байдаг тал бий.
-Ямар
хүн байхыг хүсдэг вэ?
-Бусдаас
хараат бус байхыг болон бусдад ч төвөг уддаггүй хүн байхыг хүсдэг.
-Өөрийн
тань хувьд ямар ямар дугуйлан секцүүдэд хамрагдаж байгаа вэ? Гаргаж буй
амжилтуудаа дурдвал?
-Төв
аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн Биеийн тамирын багш Д.Очирдарь багшийн
Хөнгөн атлетикийн дугуйланд явж байна. Мөн бөмбөр, гитар, бүжгийн дугуйланд
хамрагддаг. Төв аймгийн хүүхдийн зөвлөлийн урлагийн дэд хорооны ахлагчаар
ажиллаж байна. Монгол Улсын Өсвөрийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн 2023
оны “Багахангай марафон” тэмцээнээс алтан медаль, Хүүхдийн спортын их наадмаас
хүрэл медаль, Улаанбаатар марафоноос мөнгөн медаль, Сэлэнгэ марафоноос хүрэл
медаль, Төв аймгийн 100 жилийн ойн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, аймаг, сумын
хэмжээний тэмцээнээс спортын 4 төрлийн 20 гаруй медаль хүртсэн.
-Өсвөр
насны хүүхдийн хувьд өөрийгөө хөгжүүлэхэд саад болдог зүйл байдаг уу? Ар гэрийнхэн
нь өөрийгөө хөгжүүлж буй байдалд хэр дэмжлэг үзүүлдэг вэ?
-Аймгийн
төвд хүүхдийн хөгжих боломж сумдыг бодвол арай илүү нээлттэй байдаг.
Улаанбаатар хоттой харьцуулбал аймгийн төвийн сургалт, дамжаа, секцүүд бүрэн
дүүрдэггүй учраас сургалтын чанар ч сайн байдаг гэж боддог.
Үе
тэнгийнхний хүүхдүүд ямар нэгэн сургалт, дамжаанд суралцах үед шоолох ч юмуу,
доромжлох тохиолдол бий. Энэ байдлаасаа ичиж, хүссэн зүйлээ хийх хүсэлгүй болох,
өөртөө итгэх итгэлээ алдах зэрэг үйл явдлууд бидний үеийнхэнд зарим үед
тохиолддог.
Мөн миний хувьд сургуулийн орчинд багш нар хэт их даалгавар өгдөг байснаас сонирхсон зүйлээ хийж чадахгүйд хүрдэг байсан тохиолдол бий. Тэмцээн уралдаан, өөрийгөө хөгжүүлэх зүйлст ар гэрийн дэмжлэг маш сайн байдаг. Харин гэр бүлийнхний маань хувьд ямар ч завгүй байсан 22.00 цагаас өмнө гэртээ ирсэн байх, цай, хоолоо ууж идсэн байх шаардлагыг тавьдаг.
-Сургалтын
ямар арга барил таалагддаг вэ?
-Багаар
ажиллах, практик сургалт маш сонирхолтой байдаг.
-Ойрын
зорилго тань юу вэ? Түүндээ хүрэхийн тулд ямар алхмуудыг хийж байна вэ?
-Анагаах
ухааны чиглэлээр өөр улсыг зорих бодолтой байгаа. Хаашаа гэдгээ шийдээгүй
байгаа учраас улсынхаа нэрийг хэлж мэдэхгүй байна. Харин энэхүү зорилгодоо
хүрэхийн тулд тэтгэлэг авах хэрэгтэй. Иймд хэлний дамжаанд хамрагдаж байгаа.
-Насанд
хүрэгчдэд хэлэхийг хүсдэг зүйл байдаг уу?
-Хамгийн
түрүүнд цаг баримтлах зарчмыг үлгэр дуурайлал болтол хэрэгжүүлж байгаасай гэж
хүсдэг. Нар мандаад жаргах нь үнэн байдаг шиг бидний хүүхэд нас, өсвөр нас ч
нүд ирмэхийн зуурт л өнгөрнө шүү дээ. Тэгэхээр одоо л бидний мандаж эхэлж байгаа
цаг үед сүүдрээр бүү халхлаасай гэж хэлмээр байдаг.
-Сүүдрээр
бүү халхлаасай гэдэг нь ямар утгаар юм бол?
-Ирээдүйд
хэн болохоо хүүхдүүд өөрсдөө шийдмээр байдаг. Гэвч эцэг, эхчүүд ирээдүйд ямар
ажил эрхлэхийг нь хүсэл, мөрөөдлийг нь үл харгалзан шахаж шаардах гээд байдаг
тал бий. Энэ талаар бид найзууд болон ангийн хүүхдүүдийн хүрээнд маш их ярилцдаг.
Чиний тийм юм болно гэж юу байдаг юм, наад ажлаараа хоолоо олж идэх юмуу гэх
мэт үгсүүд олон хүүхдийн замыг буруу зам руу хөтлөх аюултай гэдгийг насанд
хүрэгчид ойлгоосой гэж хүсдэг.
Бас олон нийтийн газарт соёлгүй бүдүүлэг ааш гаргаж архидан согтуурах, зохисгүй үг хэллэг хэлэх, хүүхэд багачуудыг айлгах явдал гаргахгүй байгаасай. Бид одоо л юу буруу, юуг зөв гэдгийг ялгадаг болж эхэлж байхад тийм үйлдлийг бяцхан дүү нар маань харвал айж, ичих цаашлаад үг хэллэг, үйлдлийг нь дуурайх зэрэг үйлдлүүд элбэг тохиолддог.
-Ярилцсанд баярлалаа.