АРХАНГАЙ: Б.Нямсүрэн: 4 га газрынхаа хэсэг газарт ойн зурвас байгуулж, үлдсэнийг нь жимсний аж ахуй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-05 10:37:04

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хайрхан суманд агро аж ахуйг хөгжүүлж буй залуу гэр бүл бол Нямсүрэнгийнх юм. Гэр бүлийн хосууд Дархан хотын хөдөө аж ахуйн сургуулийг байгаль орчны удирдлага менежмент мэргэжлээр 2007, 2008 онд төгсжээ. Залуу гэр бүл сумандаа ирээд сумын ЗДТГ-т байгаль хамгаалагчийн ажлыг 7 жил хийгээд, инсүри төсөлд ажиллажээ.   


Хайрхан сум нь аймгийн төвөөс зүүн хойшоо 190 гаруй км алслагдана.


Гэрийн эзэн анх сумандаа мод тарих санаачилгыг гаргаж, “Номин намуу” хоршоог 2015 онд том охин Номин-Эрдэнэ, дунд охин Намуун-Эрдэнэ нарын эхний үгнүүдийг авч байгуулжээ. Хоршоо одоо малчдын оролцоотой зургаан хүний гишүүнтэй. Хоршооны 4 га газар нь сумын төвөөс урагш 500 метрийн зайд байх ба төрийн эзэмшлийн газар дээр гэрээ байгуулан агро аж ахуйг хөгжүүлж, түүчээлж буй залуу гэр бүл юм.




Хоршоог байгуулснаар 4 га газарт мод үржүүлэг, мод үрсэлгээний болон нарийн ногооны гурван хүлэмжийг ажиллуулж, 2000 төрлийн үхрийн нүд, 1000 чацаргана, 500 интоорын мод, 100 гаруй алимын мод, 200-300 үрийн палантаци гаргах мод тарихаар төлөвлөжээ.

 


Тэд газраа авсныхаа дараа хөрсийг нь шинжлүүлж, ямар хөрстэй, юу тарьж, ургуулж болохоор байна гэдгээ мэдэж авч. Тэдний газар эрдэс бодис нь өндөр, ялимгүй хүчиллэгтэй байна гэж гарчээ. Хүчиллэгтэй хөрсөнд малын хөх бууц хийчихвэл тэнцвэрждэг аж. Ер нь хөх бууцаараа бордож, голын амьд уснаасаа усалдаг учраас тариалж буй хүнсний ногоо бүр нь органик ургадаг байна.




Тэд хоршоо байгуулж, эрчимжүүлэхээсээ өмнө хашааныхаа нэг буланд модны үрсэлгээ гаргаж, мод тарьдаг байсан ба арван мянга гаруй модны үрсэлгээг гарган ургуулж байна.




Эхнэр Б.Мөнхзул ярих зуураа “Бид хоёр энэ газартаа “Бяцхан ногоон төгөл” гэж нэр өгөөд 24 төрлийн модны үрсэлгээтэй, 6х20 хэмжээтэй гурван хүлэмжтэй болсон. Нэг хүлэмжид модны үрсэлгээ, нөгөө хоёрт нь өргөст хэмх, улаан лооль тариалсан. Харин ил задгай талбайн хөрсөнд газрын алим, хуурай өргөст хэмх, тарвас, цэцэгт байцаа, хаш, брокли зэрэг 10 гаруй төрлийн нарийн ногоо тарьж ургуулж байна.




Мөн төрөл бүрийн жимс тарих хүсэлтэй. Жишээ нь интоор, алим, давжаа алим, чавга, үхрийн нүдний олон төрлийг тарих хүсэлтэй байгаа” гэж байв.


Тэд айл бүрийг уриалж хашаандаа юу тарих хүсэлтэй, юу нь ургах вэ, хэрхэн арчилж, хамгаалах вэ гэх зэргээр байнга зөвлөгөө өгч ажилладаг байна. 4 га газрынхаа хэсэг газрыг ойн зурвас болгож, үлдсэнийг нь жимсний аж ахуй болгох төлөвлөгөөтэй. Мөн үрийн палантацийг бий болгох аж. Энэ нь Дархан, Сэлэнгэ, Улаанбаатарт ургаж байгаа моднуудыг эндээ ургуулж, үрийг нь аваад эндээ ахиж тарих үйлдэл. Ингэвэл хангай газрын хөрсөнд дасан зохицсон суулгац гарч байна гэж хэлж болох аж.




Энэ санаагаа ч хэрэгжүүлж бэсрэг алимын 150 суулгацыг тарьжээ. Энэ амжилттай ургавал үржүүлэг хийнэ. Өвөлдөө хучихгүй ургавал энэ манай хангай газар дасан зохицож байна гэсэн үг юм хэмээн гэрийн эзэн яриан дундаа дурдлаа.


Тэднийг сум орон нутгаас нь дэмжиж Хоршоо хөгжүүлэх сангаас 38 сая төгрөгийн зээлийг авсан ба энэ жилээс эргэн төлөлт нь эхэлж байгаа ба сард нэг сая гаруй төгрөгийн эргэн төлөлт хийж байгаа гэнэ.


Тус хоршоо нь жил бүр сумынхаа байгууллагуудад модны үрсэлгээгээ борлуулж, заримд нь хандивладаг байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эднийх модныхоо төрлийг нэмж мод бут, жимс жимсгэнэ, нарийн ногоо, зөгийн аж ахуй, гар урлал гэх мэтээр үйл ажиллагаагаа илүү өргөжүүлжээ. Хоршоо нь жилд 100 мянган мод гаргах төлөвлөгөөтэй. Үүнийг нь орон нутгаас дэмжиж "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд төсвөө бүр зориулж батлаад авдаг бол бид нар орлоготой болно гэдэг саналыг ч хэлж байв.




Эднийх жимсний аж ахуйг хөдөө газарт нэг га газарт эхлүүлж, тосны агууламж өндөртэй, өргөсгүй чацаргана жимсийг тариалдаг байна. 3-4 хүнийг түр ажлын байраар хангаж, нэг кг жимсийг мянган төгрөгөөр хураалгадаг ба жилд тонн орчим чацаргана хураан авдаг аж.




Тэдний охид нь 15, 10, 5 настай. Тэднийг өөрсдийн ажилдаа туслуулж ажилд сургана. Охид ч их дуртай туслах аж. Өнгөрсөн хавар модны үрсэлгээ хийхэд сургуулийн хүүхдүүд их тусалжээ. Мөнгөө ч авна. Сургуулийн хүүхдүүдийг ажиллуулахдаа гол нь биш тэдэнд мод тарих аргачлал, зааврыг нь заагаад өгвөл хойч ирээдүй минь мод тарих сонирхолтой, хэрхэн тарихаа мэддэг болно гэдэг нь ач холбогдолтой хэмээн ярина. 


“Номин намуу” хоршоо нь мөн зөгийн аж ахуйтай. Анх 2015 онд Дэлхий зөн байгууллагаас хоёр бүл зөгий авснаас хойш долоон жил өнгөрч 20 бүл зөгийтэй болжээ. Зарим жилдээ 30 бүл ч хүрдэг байна.




“Манай зөгийн аж ахуй байгаа Бөхөн шарын нуруунд 100 бүл зөгий байх балт ургамлын нөөцтэй. Байгалийн ургамлын бал нь их бага. Зун 6 дугаар сарын дундаас 7 дугаар сарын сүүл хүртэл тавихад 300 кг бал л хураана. Түүнээс хойших хураасан бал нь өвлийн хоол болдог. Манай баланд А, С, Е гээд 180 гаруй витаминлаг чанар байна гэж шинжилгээгээр гарсан. Энэ дунд 90 градусаас дээш халуунд тэсвэрлэх чадваргүй витамин 60 гаруй нь байна. Тийм учраас органик зөгийн балыг халуун бүлээн усанд хийж уух нь зүйтэй юм. Манай зөгийн балыг БНСУ, Япон, АНУ, БНТУ гээд таван улсад амьдарч байгаа иргэд байнга худалдаж авдаг. Тэдний хэрэглээг таслахгүйн тулд дэлгүүрт тавьдаггүй” хэмээн Нямсүрэн ярив.


Тэд цаашдын зорилгоо сум орон нутгаа ногоон эко болгох, эрүүл хүнсээр хангах, мөн хөрш сумдыг ч эрүүл хүнсээр хангах, хүргэлт хийх гэлээ. Үүнээс гадна “Номин намуу” хоршоо нь мод үржүүлэг, ойн мэргэжлийн байгууллага учраас албан байгууллага, хувь хүмүүст модны суулгац, цэцгийн үрсэлгээ авах хүн бүрд заавар зөвлөгөө өгдөг байна. Хүмүүс ч их дуртай аж. Цаашдаа тэд энэ чиглэлээрээ танин мэдэхүйн танхимыг байгуулж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг анги ангиар нь авч ирээд цэцэг тарих, арчлах, мод тарих, арчлах талаар заавар өгөх сургалтуудыг явуулахаар бодож буйгаа нуусангүй.




Тэд “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд сүүлийн 8 жил тасралтгүй оролцож байна. Тэд өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоо, дарсан ногоо, зөгийн бал, чацарганы шүүс, газрын алим, модны үрсэлгээ, гар урлалын бүтээгдэхүүнүүдээр оролцож, үзэсгэлэнгийн нэг номинац болох шилдэг “Жимс, жимсгэнэ” номинацид “Номин намуун” хоршоо шагнуулсан юм.











Related news