АРХАНГАЙ: “Unitel HUB”-д 600 гаруй хүүхэд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-10 12:04:55

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын тэгш хүртээмж, цахим боловсролыг нэмэгдүүлэх, хот болон орон нутгийн цахим заагийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Юнител HUB” төслийг 2022 онд эхлүүлж, одоогийн байдлаар 12 аймагт нээн үйл ажиллагаагаа явуулж байна.


Unitel HUB-ийн үндсэн зорилго нь хүүхэд залуусыг багаас нь шинжлэх ухаанд дурлуулах, сонирхлыг нь нээх,  ирээдүйд улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах инженерүүдийг эхний алхам хийх орчин нөхцөл боломжийг нь бүрдүүлэх юм.


Unitel HUB аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд байрлаж байгаа ба өндөр хурдны интернэт, сурахад таатай орчин, компьютер, электроникийн бичил туршилтууд хийх, робот кодчилолын 20 хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын арга зүй бусад эд материалаар хангаж тохижуулжээ.


Нээлтийн өдрөө тохиолдуулан Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг сансрын 7 хоног буюу “World Space week” үйл ажиллагааг аймгийн Unitel HUB төвд зохион байгуулж байна.


Дэлхий даяар цахимд шилжиж байгаа өнөө үед Улаанбаатар хотод сурч, амьдарч байгаа хүүхэд, залууст интернэт ашиглан код бичих, шинжлэх ухааны туршилтуудыг практик дээр турших боломжууд харьцангуй өндөр, сургалтын төвүүд ч олон.


Орон нутгийн хүүхэд залууст илүү хүртээмжтэй тэгш боломжийг олгох үүднээс аймаг бүрд байх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг түшиглэн дээрх төвийг нээжээ.  


Цаашдаа сургуулийн насны хүүхдүүдийн зохион бүтээх чадварыг хөгжүүлэх Робот угсралт инженерчлэл, кодчиллын анхан шатны мэдлэг олгох Робо КИД сургалт, мөн Электроникийн суурь ойлголтуудыг олгох Электро КИД сургалтуудыг тогтмол явуулах юм.


Тус Unitel HUB төвд өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхэд ирж, сонирхолтой мэдлэгийг олж авч, сонирхолтой туршилтуудыг хийжээ.  

Related news